Хэцүү нэрт вирус гэрт ороод ирсэн юм санж. Өндөр настай ээж маань ганц, хоёр ханиалгах болов. “Тарваган шийр байна уу, цэр ховхлох эм авмаар байна” гэхээр нь эмийн сангаас авчирч өгснөөс хойш бие минь тавгүйрхэж эхэлсэн юм. Хамраас нус бус, ус гоожно. Хоолой хөндүүрлэх янзтай. Бас ханиалгана. Тэгэхээр нь мөн ээжийн адил эм ууж, хоолойдоо антибиотек цацсан шигээ гурав хонов. Хоолны үнэр сайн мэдэхгүй байгаагийнхаа шалтгааныг хамрын хөндийн архаг өвчинтэй холбож бас нэг хонов. Гэтэл нөхөр минь нэг өглөө сүрхий ханиасаар бослоо. Орой нь 38 хэм хүртэл халуурсан тул түргэн тусламжийн 103 дугаарт хандаж дуудлага өгье гэхэд ийм шинж тэмдэгтэй хүмүүс ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд холбогдохыг зөвлөсөн тул тийш нь залгалаа.
Харилцуурын цаанаас залуухан эмч бололтой бүсгүй нөхрийн ярихыг сонсоод “Та коронавирусээр өвдөөгүй байна. Жирийн ханиад хүрчээ. Халуун бууруулах эм ууж унтаад маргааш эмчид үзүүлээрэй” гэв. Асуудал хариуцсан мэргэжилтэн ингэж хэлэхэд хоёул санаа амарсан л даа. Нөхөр парацетамол уугаад хэвтсэн. Шөнө сайн унталгүй өглөө болгожээ. Хоолой нь юм идэх бүү хэл, ус залгихад хэцүү. Угсруулан ханиахад цээжнээс нь эвгүй саарал өнгийн, шингэн, бүхэл хэсгүүдтэй цэр маш ихээр гарч эхлэв. Ханиад хүрч л байдаг, өмнө нь хэзээ ч ийм юм болж байгаагүй гэж ярилцаад өрхийн эмнэлэгт очиж дуудлага өглөө. Үдээс хойш эмч ирснээ “Маргааш PCR шинжилгээ авна. C, D витамин ууж байгаарай” гээд явав. Шинжилгээ авлаа. Хариу нь дараа өдөр нь гарахад эерэг байв. Энэ өдрийг хүртэл буюу ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн эмч ирж авч явтал дөрөв хоногт зогсолтгүй ханиаж, бараг амьсгалахад л хоолой нь өвдөж байсан тул юу ч идэхгүй, үндсэндээ ус, цай маш бага ууж, гурван шөнө нойргүй шахам хоносноос зүрхний хэм нь алдагдаад эмнэлэгт очсон юм. Түүнийг минь Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүндээр өвдсөн хүмүүсийн ангилалд хамруулан хүлээж авсан. Очсон даруйд нь уушгийг нь рентгенд харж, хатгалгаа авсан хэмээн оношилж, тэр даруйд эмчилж эхэлсэн байлаа. Хамгийн түрүүнд өвчин намдаах тариа хийгээд, “дусал” залгажээ. Сайхан зантай сувилагчийн “Ах аа, таны хоолой хоёр хоногийн дараа зүгээр болно” гэсэн үг ямар ч эм, тарианаас илүү итгэл найдвар төрүүлсэн гэж нөхөр сүүлд нь ярьсан. Ийнхүү эмнэлэгт очсоныхоо маргааш орой над руу залгаж “Бантан идчихлээ” гэсэн юм. Ингэж дөрөв хоногийн дараа хоол идэх хүртэл организм нь хэр хямарсан байх вэ. Энэ бүхнийг нуршдаг нь ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар мэдээлэл, зөвлөгөө өгөх нэрээр хараагүй, үзээгүй байж “оношилж”, хугацаа алдуулах нь тун оновчгүй, осолтой юм билээ гэж хэлэх гэснийх.
Ээж, бид хоёр мөн л PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарлаа. Бидэнд айхавтар зовуурь илрээгүй тул зөвлөгөө аваад, гэртээ эмчлүүлж болохгүй юу гэж өрхийн эмчид хэлэхэд “Эмнэлэгт хэвтүүлнэ. Эрүүл мэндийн сайдын тушаалтай. Өвдсөн хүн бүрийг хэвтүүлж эмчлэх бодлого баримтлах болсон” гэв. ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн машинд суугаад явж байхдаа тандалт, судалгааны эмчид мөн гэртээ байхыг хүсэж буйгаа хэлэхэд “Бараг 90 нас хүрэх гэж байгаа ээжтэй хүн байж та юу ярина вэ. Хүмүүс энэ өвчний тухай одоо болтол ойлгохгүй байна. Мянга мэдээлээд нэмэргүй. Өндөр настай буюу дархлаа муутай, эсвэл архаг өвчтэй хүмүүсийн биеийн байдал маш хурдан хүндэрдэг онцлогтой” хэмээн тайлбарлахад нь лавшруулан “Хурдан хүндэрдэг гэхийг юу гэж ойлгох вэ” хэмээн асуулаа. Эмчийн хэлснээр 60-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал нэг хоногт, 80-аас настай дээш бол өдөртөө муудах эрсдэлтэй аж. Тийм болохоор өвдсөн л бол эмнэлэгт, эмчийн хяналтад байх ёстой гэв.
Яармагт байрлах Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд хэвтлээ. Тус төв уг нь энэ оны зургадугаар сарын 1-нээс зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, төрөх эхчүүд, эмчлүүлэх эмэгтэйчүүд, нялх хүүхдүүдийг хүлээж авах товтой байсан ч коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор “Ковид-19”-өөр өвчилсөн эмчлүүлэгчдийг хүлээн авч буй юм байна. Энэ төвийг 300 ортой гэж тодотгодог бөгөөд одоогийн байдлаар бүхий л хүчин чадлаар нь ажиллуулж байх шиг. А, Б, В гэсэн гурван том блоктой. Сүүлийн хоёрыг улаан бүс болгож, “Ковид-19” оноштой хүмүүсийг эмчилж байна. Лав Б-гийн хоёроос долдугаар давхар хүртэлх бүх ор хүнтэй. Бидний хэвтсэн давхарт 90 өвчтөн байв. Ээлжийн нэгэн эмч “90 хүнд ганцаараа үйлчилж байгаа сувилагчаа хайрлаарай. Цаг, минут бүр үнэтэй. Та нар минь хурдан хөдлөөд тариа хийлгэхэд бэлэн байна шүү” хэмээснээс эмчлүүлэгч олон байгааг ойлгосон юм.
Энэ өвчин хүн бүрт өөр өөрөөр илэрдэг ч уушги “барих” нь элбэг аж. Миний тухайд зовуурь гайгүй мэт санагдавч, “хөнгөн” хатгалгаа болчихсон юм билээ. Харин ээжийн уушгины архаг хууч сэдэрсэн байв. Эмчлүүлэгч бүрийг анагаах тактик нь шинж тэмдэг болон бусад, бидний мэдэхгүй зүйлээс хамааран өөр өөр ч нийтлэг зүйлс ч бас байлаа. Хамгийн гол нь дархлаагаа улам “унагахгүй” байх ёстой. Аль болох тайван байж, хоол сайн идэж, халуун бүлээн шингэн сайн уух хэрэгтэй. Энэ бол суурь шаардлага. Вирусийн эсрэг эмүүд, дархлаа дэмжих өндөр тунтай аминдэмүүдийг зааврын дагуу уудаг. Эмийг голох, тоохгүй байвал буруудна. Зохистой эмийг тогтмол ууж байж вирусийг гадагшлуулна. Хоолойгоо тогтмол зайлна. Бас тариа хийлгэнэ. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн барилга шинэ тутам болохоор ёстой л будаг нь ханхалж байна билээ. Өвчтөний өрөө бүрийн үүдэнд жорлон, шүршүүр, угаалтууртай, ер нь тун тохилог. Өглөөний цай, өдөр, оройн хоол нь амттай. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд дэглэм баримталж, эмчийн зааврыг мөрдөж, сувилагчийн ажилд саад болохгүйг хичээж байв.
Эмнэлэг хэмээх бичил орчноос коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн үеийн Монголын нийгмийн амьдралын өнгийг бэлхнээ харж болно. Хэвтэн эмчлүүлэгсдийн гуравны нэг орчим нь хүүхдүүд байх аж. Бидний эхэлж орсон өрөөнд 30 настай нэгэн бүсгүй таван настай охинтойгоо цуг байв. Хоёр хоногийн дараа түүний гурван хүүхдийг авчирсан. Ингээд тэрбээр 3-10 насны дөрвөн хүүхдээ асрах болов. Түүний нөхрийг өөр эмнэлэгт хэвтүүлсэн юм билээ. Нөхөр нь байнга залгана, ярина. Хувийн эмнэлэгт жорлонд нь тамхи татаж, шөнөжин гар утсаараа тоглоом тоглож, өглөөжин унтах тэр хүнд хоёр хүүхдийг нь аваачиж өгөх байж дээ гэж мөн ч их бодсон. Хүүхэд төрүүлсэн л бол өөрөө өвчтэй ч, хэдээс нь үл хамааран асран хамгаалах нь зөвхөн эхийн үүрэг биш байлтай. Тэр тавыг харахад “Хуваарилалт нь шог” гэсэн хуучирсан явган яриа байн байн санаанд орж байв. Хүнд өвчтэй ээжид нь дарамт үүсгэхгүй байх ухааныг өрхийн эмнэлгийнхэн олж, ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн машинаар өвчтөн зөөж буй тандалт, судалгааны эмчид хоёр хүүхдийг нь аавд нь хариуцуулаарай гэж захиж болох байсан санагдана.
Очсоноос хойш хоёр хоногийн дараа шилжиж орсон өрөөний хажуугийнхад 31 настай эхнэр, нөхөр хоёр нэг сартайгаас зургаан насны дөрвөн хүүхэдтэйгээ хэвтэж байлаа. Эхнэрийн онош хамгийн түрүүнд батлагдсан тул нялхтайгаа болон хоёр настай хүүтэйгээ эхэлж ирсэн юм билээ. Нөхрийн хатгалгаа хүндрэх шахсан тул мөн авчирч, эхнэр хүүхдүүдтэй нь нэг өрөөнд оруулжээ. Тэр залуу өндөр халуурч, хөл, гар нь бадайрсан ч олон шөнө нойр алдаж, ядарсан эхнэрээ амраах үүднээс нэг сартай нялхаа тэврэн саатуулж байсан. Удалгүй араас нь дөрөв, зургаан настай хоёр хүүг нь авчирсан бөгөөд тэд гэр бүлээрээ “Ковид-19”-ийн эсрэг эмч, эмнэлгийн ажилтнуудын удирдлагад хэрхэн тэмцсэнийг харлаа.
Ээжийн хэвтэж байсан орон дээр 60 гаруй насны эмэгтэйг оруулсан байв. Түүний царай нь баргар, зовуурь ихтэй мэт байсан. Хэд хоногийн өмнө түрүүлж ирсэн нөхөр нь орж, гарч, тусална. Нэг анзаарахад хүчилтөрөгчийн аппарат залгасан байв. Ийм арга хэмжээ нийтлэг биз дээ хэмээн бодоод өнгөрсөн ч тэр эмэгтэй эмнэлэгт очсоноос хойш гурав хоногийн дараа нас барсныг сонсоход уйтай санагдсан. Түүнийг нөхөртэй нь цуг нэг өрөөнд оруулсан орой гэнэт муудахад нь Сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн ч энджээ. Эмэгтэй жин ихтэй. Чихрийн шижин өвчтэй болов уу. Эмч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Архаг суурь өвчтэй хүмүүс халдвар авбал биеийн байдал нь түргэн хүндэрч болзошгүй тул гэртээ бай, дархлаагаа дэмж” гэж байнга сануулдаг нь ийм учиртай аж. Тэр эмэгтэй Сэхээн амьдруулах тасагт шилжээд байхад юм билээ, цонхоор харагдах зам дээр машинаа зогсоосон эрэгтэй, эмэгтэй хоёр эмнэлгийн байшин руу харж, ямар нэгэн зүйл өргөн, удтал зогсож байгаад явсан юм. Ээж бид хоёр хүний бие муудаж дээ гэж ярилцаж байлаа. Магадгүй тэр ээж, аавын хүүхдүүд байсан биз ээ.
Хүн төрөлхтнийг зүдрээж буй “Ковид-19” өвчин манай улсад хурдацтай тархсаар байна. Халдвар авсан нь батлагдсан тохиолдлын тоо өдрөөс өдөрт өссөөр, өдгөө 1000-аас буурахаа болив. Улсын хүн амтай харьцуулж үзэхэд асар өндөр үзүүлэлт. Нөхцөл байдал ийм байсаар атал хаана хаанаа халдвартай эвлэрсэн мэт назгай, задгай, хайхрамжгүй байгаа нь юунд хүргэхийг тооцоолж ядах юмгүй. Дэлхийн зарим оронд, жишээ нь, Британид хоёр өдрийн өмнө халдвар бүртгэгдээгүй анхны хоног хэмээн баяртайгаар мэдээлж байхад Энэтхэг зэрэг улсад нөхцөл байдал хүнд хэвээр буй. Манай Засгийн газар ойрын хугацаанд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм бол. Засгийн газар гэхээс илүүтэй хувь хүмүүс дор бүрнээ хариуцлагатай байвал учиртайхан даваад гарчих сан.
Манай гэр бүлийнхэн хаанаас халдвар авсан байж болох талаар ярилцсан юм. Бид ер нь гэрээс гарах дургүй. Гадаах дэлгүүрт хүн олон бол ордоггүй. Сэлүүхэн үед нь очдог. Нийтийн унаанд тэр бүр суудаггүй. Ихэвчлэн алхдаг. Амны хаалт байнга зүүдэг. Нөхөр бид хоёр вакцин нэг тун тариулсан. Хоёр дахийг нь тариулдгийн даваан дээр халдвар авчихсан. Харин ээж маань хоёр тун вакцин тариулснаас хойш орж, гарах нь олширсон байлаа. Гадаа сууна, байшин тойроод ирье гэнэ. Нэг өдөр бүр үүрэн телефоны үйлчилгээний газар, банк хүртэл явсан байлаа. Тэдгээрт олон хүн байгаагүй гэсэн. Мөн нэг өдөр нөөцийн мах авна гээд гарч одсон байв. Нэг цаг гаруй хугацаа өнгөрлөө, ирдэггүй. Хайж оллоо. Гэрийн урд байдаг, бид тэр бүр ордоггүй дэлгүүрт мах ирэхийг хүлээн дугаарлан зогсох хүмүүсийн толгойд нь шахуу сууж байна. Тэнд дугаарласан иргэд зай бариагүй. Уртавтар сандал дээр өвгөчүүдтэй мөр мөрөө нийлүүлчихсэн юм ярьж сууна. Намайг харснаа “Одоо мах ирэх гэж байна гэнэ. Аваад дуудна, харьж бай” гэж тушаав. Иймэрхүү байдлаар нөөцийн мах хоёр уутыг аваад, нөхрийг дуудаж авчруулсан.
Тэгтэл юу болсон гээч. Ээж, бид хоёрыг ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн машинаар орцны үүднээс авсан юм. Дотор нь байсан эмэгтэй ээжийг хараад “Та сайн байна уу, намайг амны хаалтын цаанаас таних болов уу, би танд мах авч өгсөн хүн байна. Санаж байна уу” гэдэг юм даа. Тэр хоёр бие биеэ таньж сүйд болсны сацуу тэр өдөр, нөөцийн маханд дугаарлан зогссон олон хүн дундаас халдвар авсан байх нь хэмээн оношилцгоов.
Ийм нэгэн нүдэнд харагдаж, гарт баригдахгүй зовлон нүүрлэжээ. Халдвар авахгүй байх арга, зам нь өнөөх гурван зүйл заалт бүхий “алтан дүрэм”. Гэтэл бид тэрхүү дүрмийг чандлан биелүүлэхгүй байна. Ээжээсээ “Та яах гэж тэнд тийм удаан суув аа” гэхэд “Вакцин хоёр тун хийлгэсэн болохоор халдвар авахгүй гэж бодсон юм” хэмээсэн.