“Ковид-19” цар тахлын улмаас гэрээсээ ажиллаж байсан Цагаан ордныхон ирэх сараас оффистоо цугларахаар болов. Энэ сарын 6-наас ирэх сарын 23 хүртэл тэд ажлын хэвийн горимд аажмаар шилжих гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөснөөс хойш Цагаан ордны ажилтнуудын 80-90 хувь нь зайнаас үүргээ гүйцэтгэж байжээ. Тус улсын насанд хүрсэн хүн амын 63 хувь нь коронавирусийн вакцины эхний тунг хийлгэсэн бол 12 муж улсад энэ үзүүлэлт 70 хувьд хүрчээ. Хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг хамгийн том дөрвөн байгууллага нь вакцин хийлгэх америкчуудад ирэх сарын 4 хүртэл үнэ төлбөргүй үйлчлэхээр болсноо мэдэгдэв. Түүнчлэн ирэх долоо хоногоос эмийн сангууд нь илүү олон америкчууд вакцинд хамрагдах боломж бүрдүүлэхийн тулд баасан гараг бүр орой болтол ажиллах гэнэ. Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр АНУ-д 33.2 сая гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 595 мянга нь нас баржээ.
Европын Эмийн агентлаг “Пфайзер”/“БиоНтех” компанийн вакциныг 12-оос дээш насныханд хэрэглэхийг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор Европын Холбооны орнууд өсвөр үеийнхнийг дархлаажуулалтад хамруулах аян эхлүүлжээ. Тухайлбал, Францын 12-18 насныхан энэ сарын 15-наас коронавирусийн эсрэг вакцинд хамрагдана. Тус улсын насанд хүрсэн хүн амынх нь 50 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. Гэсэн ч сонор сэрэмжтэй байж хязгаарлах арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулахгүй байхыг тус улсын иргэдэд уриалсаар байна. Тэрчлэн Румын, Итали, Герман, Польшид 12-оос дээш насныханд вакцин хийлгэхийг санал болгожээ. Гэвч чинээлэг орнууд хүүхдээ дархлаажуулж эхлээд байхад дэлхийн олон орон өндөр настай, эмзэг бүлгийн хүн амаа вакцинд хамруулж чадахгүй байгаа нь шүүмжлэл дагуулсан аж. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ хүүхдүүдийг дархлаажуулахаас өмнө “Ковакс” хөтөлбөрт вакцин хандивлахыг чинээлэг орнуудад уриалжээ.
Япон Улс коронавирусийн эсрэг вакциныг дэлхий даяар тэгш хуваарилах зорилго бүхий “Ковакс” олон улсын хөтөлбөрт 800 сая ам.доллар нэмж олгохоо амлалаа. Үүнээс өмнө Япон Улс тус хөтөлбөрт 200 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 120 гаруй улс орон, бүс нутагт 76 сая гаруй тун вакцин нийлүүлжээ. Мөн Австрали эл хөтөлбөрт 39.6 сая ам.доллар нэмж хандивлах нь. Ингэснээр тус улсаас уг хөтөлбөрт зориулсан тусламжийн хэмжээ 100.5 сая ам.долларт хүрэх юм. Олон улсын “Ковакс” хөтөлбөрийг дэмжих нь Австралийн бүс нутгийн санаачилгын нэг хэсэг бөгөөд тус улс Номхон далайн болон Зүүн өмнөд Азийн орнуудад вакцин худалдан авахад зориулж 481.5 сая ам.доллар хандивлажээ.