Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн чуулган өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 01-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, өндөрлөв. Манай улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд ассамблейн чуулганы Дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлын хүрээнд нэгдсэн хуралдааныг хамтран удирдсан юм. Мөн тэрээр чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улс дахь "КОВИД-19" халдварын цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үг хэллээ.
Энэ жилийн чуулганаар чихрийн шижин, хөгжлийн бэрхшээл, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, ХДХВ, гепатит, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, эм үйлдвэрлэл, хумхаа, халуун орны болон халдварт бус өвчин, сувилахуй, эх барих, амны хөндийн эрүүл мэнд, хүний нөөц зэрэг асуудлаар 30 гаруй тогтоол, шийдвэрийг баталжээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейусус чуулганыг хааж хэлсэн үгэндээ энэ жилийн чуулганы гол сэдэв болох “Энэ удаагийн цар тахлыг хамтдаа даван туулж, дараа дараагийн болзошгүй цар тахлаас сэргийлж, илүү эрүүл, аюулгүй, тэгш байдлыг бий болгох”-ыг гишүүн улс орнуудад уриалсан юм. Мөн тэрээр дэлхий нийтэд "КОВИД-19" халдварын тохиолдол, нас баралт буурсаар байгаа нь бидэнд итгэл, урам зориг өгч байгаа ч аюул өнгөрөөгүй гэдгийг улс орнууд анхаарч, энэ оны есдүгээр сарын эцэст дэлхийн хүн амын 10 хувь, оны эцэс гэхэд 30 хувийг вакцинжуулах зорилт тавьж байгааг дэмжиж ажиллах, ард иргэдийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлж ажиллахыг уриаллаа.