Манай улс тавдугаар сарын 7-ны өдрөөс ОХУ-ын "Спутник V" вакцинаар 55-65 насны иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Гэтэл уг вакциныг хийлгэсэн иргэдийн хоёрдугаар тунгаа хийлгэх хугацаа болсон хэдий ч вакцин тасарсан тул иргэд вакцинаа хийлгэж чадахгүйд хүрчээ. Иймд "Спутник V" вакцины хоёрдугаар тунгаа хүлээсэн иргэд цөөнгүй байгаа юм.
Уг вакциныг манай улс хэзээ татан авч, иргэдээ хоёрдугаар тунд хамруулах талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр, ""Спутник V" вакцины хоёрдугаар тунг нийлүүлэгч талаас 21-90 хоногийн хугацаанд нийлүүлнэ гэсэн боловч одоогийн байдлаар хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Бид өмнө нь "спутник V" вакцины хоёр дахь тун ирэх хугацаа тодорхойгүй байгаа учир иргэд өөрсдөө сайн бодож байж вакцинаа хийлгээрэй гэж анхааруулж байсан" гэлээ.