“Салхитын мөнгөний орд”-ын гэх дуулиант хэргийг гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай нь тогтоогдсон шүүгч, цагдаагийн офицер, хахууль өгсөн, зуучилсан хүмүүс ял шийтгэлээ эдэлж буй. Тэгвэл энэ хэрэгт холбоотой ч тухайн үед шүүх эцэслэн шийдвэрлээгүй, зарим хүнд холбогдох үйлдлийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ. НПГ-аас өмгөөлөгч Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд хүргүүлээд буй. Уг нь тэдний гэм буруутай, эсэхийг 2020 оны тавдугаар сард дээрх шүүх хэлэлцэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол Улсын дээд шүүхийн шүүгч нар Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, шийтгэх тогтоол, магадлалын тэдэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.
М.Цэндсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэрэгт гэм буруутай нь тогтоогдож гурван жил хорих ял шийтгүүлсэн Б.Цолмонбаатарт 35 сая төгрөгийн хахуулийг зуучлан дамжуулж өгсөн хэрэгт холбогдоод буй. Тэрбээр иргэн Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбилэг, “Техник форум” ХХК-д холбогдох, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлүүлэхийн тулд шүүгч Б.Цолмонбаатарт дээрх мөнгийг өгсөн аж.
Харин Ч.Амгаланбаяр нь “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэрэгт ял шийтгүүлсэн Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй “Си си эм икс” компанид холбогдох, хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчингүйд тооцуулах, “Жи пи эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчид ашигтай шийдвэрлүүлэх талаар ярьж тохиролцсон аж. Улмаар шүүгчид өгөх нэрийдлээр 2017 оны тавдугаар сард Ш.Мөнгөншагайгаас 45 сая төгрөгийн хахууль аван бусдад өгсөн хэрэгт холбогдсон юм.