ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтнууд байсхийгээд л албан тушаалаа урвуулах, хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогддог. Хамгийн сүүлд гэхэд л тус төвийн дэд захирлын албан тушаал хашдаг Х.Баярхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулж, АТҮТ-ийн Увс аймаг дахь салбарт хүнд даацын ачааны олон автомашин оношилгоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдуулсан юм.
Тэгвэл дээрх байгууллагад ажиллаж байсан Т.Байгальмаа гэх эмэгтэйг бусдаас хахууль авсан хэрэгт гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр АТҮТ-ийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн судалгааны мэргэжилтэн гэх албан тушаалд ажиллаж байхдаа иргэн Б.Батзоригоос 8888 У… улсын дугаар авч өгнө хэмээн 1.5 сая төгрөг авсан аж. Харин Б.Батзориг фэйсбүүкт байршуулсан дээрх сери дугаарыг худалдах зарын дагуу уг эмэгтэйтэй холбоо барьж, “Хөсөг трейд” буюу түүний ажлын газрын гадна уулзан мөнгөө өгсөн байна. АТГ-аас явуулсан мөрдөн байцаалтаар энэ хоёр хүний хээл хахууль өгсөн, авсан нь тогтоогдсон гэж үзээд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-3, 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэдний гэм буруутай, эсэхийг шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцээд Т.Байгальмаа албан тушаалаа ашиглан хахууль авсан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэв. Харин түүнд 1.5 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Батзоригт 2.9 саяар торгох ял оноожээ.
Уг хэргээс гадна АТҮТ-ийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байсан О.Адъяасүрэнгийн холбогдсон хэргийг дээрх шүүх тавдугаар сарын 31-ний даваа гарагт хэлэлцэхээр товлосон юм. Тэрбээр албан тушаалаа урвуулж, “Есөн шижир” ББСБ-ын хувьцаа эзэмшигч Б.Наранчимэг, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Азжаргал болон уг банк бус санхүүгийн байгууллагад давуу байдал бий болгон хахууль авсан хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, О.Адъяасүрэн нар дээрх ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 автомашиныг есөн сая гаруй төгрөгийн торгуулиас нь чөлөөлүүлэхийн тулд “Есөн шижир”-ийн удирдах албан тушаалтнаас 2.1 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Улмаар уг автомашинуудын дугаарыг улсын бүртгэлээс хасаж, өөрийг олгосон нь батлагдсан учраас ийнхүү гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болсон юм. Гэвч улсын яллагч шүүх хуралд оролцох боломжгүйгээс шалтгаалан хурлыг энэ сарын 11 хүртэл хойшлуулсан байна.