НЭҮТ-ийн ЭМДӨУСА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг дэлхийн тамхины эсрэг өдрийг тохиолдуулан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Тамхины хэрэглээ нь дэлхийн дахинд тахлын хэмжээнд хүрч жил бүр найман сая иргэн тамхидалтаас шалтгаалсан өвчний улмаас амь насаа алдаж байна. Өөрөөр хэлбэл, долоон сая нь тамхи татаж байсан бол үлдсэн хүмүүс нь тамхи татдаг хүмүүстэй хамт байдаг байжээ. Эдгээр тохиолдлын ихэнх хувийг хөгжиж буюу орнуудын хөдөлмөрийн насны 30-60 хүн ам эзэлж буй.
Манай улсын хувьд 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг тамхи татдаг. Харин хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна. Мөн тамхи татаж эхэлсэн дундаж наслалт 2005 онд 20 байсан бол 2019 оны судалгаагаар 18 болж залуужсан байна.
Тамхи татдаг хүмүүс ковидын халдвар авах эрсдэл өндөр, хүндрэх, нас барах, амьсгалын аппаратад орох эрсдэл өндөр. Тамхинаас гарахад 20 минутын дараа л эерэг үр дүнгээ өгдөг. Цар тахлын үед олон оронд тамхины сурталчилгааг хорилоо. Тамхинаас гарахын тулд эхлээд тамхигүй орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тамхи татдаггүй хүмүүстэй цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Тамхинаас гарах хамгийн үр дүнтэй арга бол шууд хаях. Тэвчээд, тамхи татмаар санагдах үедээ амьсгалын дасгал хийх ёстой. Мөн мэргэжлийн хүнээс тусламж авч болно. Сэтгэлзүйн зөвлөгөөг өрх, сумын эмнэлэгтээ хандаж үнэгүй авч болдог. Тамхинаас гарахын тулд электрон тамхи хэрэглэх нь буруу зуршил. Электрон тамхи нь никотины агууламжтай учир ялгаагүй донтуулдаг" гэлээ.