Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "Зөгийн бал" гэж нэрлэн худалдаалсан гэх хэрэглэгчийн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийжээ. Тодруулбал, тус асуудлаар хэрэглэгч энэ сарын 23-ны өдөр цахим хуудастаа мэдээлж, холбогдох байгууллагад гомдол гаргасан байна.
Хэрэглэгч гомдол гаргахдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхлээр нүүр хэсэгт нь томоор “Зөгийн бал” гэж хаяглсан ч ард хэсэгт нь жижгээр зөгийн балны орц найрлагыг бичдэг. Тэрхүү найрлага дотор нь зөгийн бал огт агуулаагүй байдаг бөгөөд хэд хэдэн газар хэрэглэгчдийг ийнхүү төөрөгдүүлж байна гэжээ. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хяналт, шалгалт тавьж ажиллахыг хүссэн байна.
Уг асуудал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2-т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул үйлдвэрлэгч компаниудад таван сая төгрөгийн торгууль ногдуулж, лангуунаас тус барааг татуулах үүрэг даалгаврыг өгчээ.