Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газраас Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, сэргийлэхэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдав. Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов.
Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Женев хот дахь Төв офис хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраар дамжуулан 145,068 ам.доллар буюу 413 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 462,000 ширхэг мэс заслын амны хаалтыг хүмүүнлэгийн тусламж болгон нийлүүлж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон хэлж, талархал илэрхийллээ. Тэрээр ДЭМБ-ын зүгээс КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж бодис, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийг удаа дараа хүлээлгэн өгсөн нь Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлж, мөн талархал илэрхийлэв.
Элчин сайд Ёорн Розенберг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод ХБНГУ нь Олон улсын вакцины хангамжийн КОВАКС хөтөлбөрт 2.2 тэрбум еврогийн санхүүжилтийг дангаар оруулсан хамгийн гол донор улс болохын зэрэгцээ Монгол Улсад КОВИД-19 халдварын эсрэг хариу арга хэмжээнд зориулан нийт 2.7 сая еврогийн дэмжлэг үзүүлээд байгаагаа мэдэгдлээ. ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица хэлсэн үгэндээ ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-тай хамтран хувийн хамгаалах хэрэгсэл-амны хаалтыг нийлүүлж байгаа нь КОВИД-19 халдвараас сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд цаашид ДЭМБ-ын зүгээс хамтын ажиллагааг өргөжүүлж, бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Арга хэмжээний үеэр хүмүүнлэгийн тусламжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурлаа.