Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны 04 сарын 13-ны өдрөөс эхлэн коронавируст (Ковид-19) халдварын хүнд зэрэглэлийн эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх шаардлагатай хүндэвтэр зэрэглэлийн эмчлүүлэгчийн 80 орыг тус тус дэлгэн үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2021 оны 05 сарын 25-ний өдөр ЭМЯ-наас тус эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр Maquet Getinge брендийн Cardiohelp маркийн уушги орлуулах аппарат (ЭКМО) аппаратыг дагалдах хэрэгслийн хамт хүлээн авлаа. Коронавируст халдварын шалтгаантай уушгины хатгалгаа, түүний хүндрэл болох эдгэрэлт удаантай хүнд хэлбэрийн амьсгалын замын дутагдлын үед механик агааржуулалттай эмчилгээ шаарддаг бөгөөд ийм тохиолдолд эмчилгээний хамгийн сүүлийн арга хэрэгсэл болох ЭКМО технологийг ийнхүү тус эмнэлэг эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ ашиглах бэлтгэлийг хангаад байна.
Энэхүү аппаратыг зөвхөн уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлын үед хэрэглээд зогсохгүй бусад вирусийн шалтгаант уушгины хатгалгаа, зүрхний хурц дутагдал, зүүн ховдлын хурц дутагдлын үеийн уушгины хаван, зүрх шилжүүлэн суулгах үед ашиглах боломжтой тул хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалахад олон жил үр дүнтэй ашиглах боломжтой болж байна.