Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ажиллаж, хүүхдийн эрхийн нөхцөл байдалтай танилцлаа. Тус байгууллагын дарга, хурандаа Б.Тамир Комиссын гишүүнийг хүлээн авч уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаа явуулж буй байр нь ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас хүний эрх зөрчигдөх нөхцөл үүсжээ. Тухайлбал тус байрны хана цуурсан, нурсан, суулт өгсөн, газрын гадаргын ус ихтэй, хөрсний хөлдөлт явагддаг тул засвар хийгээд ч нэмэргүй нөхцөлд байна. Ийм орчин нөхцөлд хүмүүжиж байгаа хүүхдүүд болон тус байгууллагын ажилтан албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Цаашлаад энэ байдал хоол хүнс болон агааржуулалт зэрэгт нөлөөлөх эрсдэл ч бий болжээ.
Түүнчлэн хууль тогтоомжийн уялдаа холбоо муу байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг анхаарах шаардлагатай байна. Мөн тус төвийн боловсрол олгох үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэдий ч суллагдсаны дараа тэднийг нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх ажил хангалтгүй байна. Тус төвөөс энэ жил зургаан хүүхэд ЭЕШ өгөхөөр бэлтгэж байна.