Манай улс өчигдрийн байдлаар коронавирусийн эсрэг 4.7 сая тун вакцин татан аваад байна. Ингэснээр хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны иргэдээ вакцинд бүрэн хамруулах нөөц бүрдүүлжээ. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 2 067 292 иргэнийг дархлаажуулах бөгөөд үүнд 4.3 сая тун вакцин шаардлагатай. Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсаас манайд 150 000 тун “АстраЗенека” вакцин хандивласнаар коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэх боломж бүрдсэн. Түүнээс хойш хүмүүнлэгийн тусламжаар 450 000, олон улсын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 191 160, арилжааны шугамаар 4 060 000 тун вакцин татан авчээ. Хамгийн сүүлд өчигдөр “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 100 620 тун “Пфайзер” вакцин хүлээн авлаа. Уг вакциныг жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд сайн дурын үндсэн дээр хийх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан юм. Мөн эрүүл мэндийн шалтгаантай иргэдэд эмчийн заалтын дагуу тарих аж.
Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийнхөн олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “Жирэмсэн эмэгтэйчүүдэд “Пфайзер” вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргажээ. Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй, хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд эмчийн зааврын дагуу вакцин хийж болно гэж ДЭМБ-аас зөвлөсөн. Улсын хэмжээнд өдгөө жирэмсэн 56 000 орчим эмэгтэй бий аж. Жирэмсэлснээс хойших 14-36 дахь долоо хоногт багтаан хоёр тун вакцин хийлгэх боломжтой гэж ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн зөвлөмжид дурджээ. Энэ хугацаанд хийлгэж амжаагүй бол амаржсанаас хойш 42 хоногийн дараа дархлаажуулалтад хамрагдах нь зүйтэй гэж зөвлөсөн байна.
Улсын хэмжээнд энэ сарын 26-нд 55 474 иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Үүнээс 19 552 нь нийслэлд, бусад нь орон нутагт дархлаажуулалтад хамрагдсан байна. Манай улс ирэх долдугаар сарын 1 гэхэд хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах зорилт тавьсан. Өчигдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 89.2 хувь нь вакцины эхний, 45.7 хувь нь хоёр дахь тунг тариулжээ. Эхний тунг тариулсан 9000, хоёр дахь тунг хийлгэсэн 3000 гаруй иргэн халдвар авсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Түүнчлэн хоёр дахь тунг тариулаад 14 хоног өнгөрсөн буюу дархлаа тогтох хугацаа нь болсон 900 гаруй хүн халдвар авчээ. Тиймээс вакцинд хамрагдсан ч эрсдэл байх тул хүн бүр халдвар хамгааллын дэглэм баримтлахыг анхааруулав. “Коронавирусийн эсрэг вакцин нь халдвараас хамгаална. Хоёрдугаарт, халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэхээс сэргийлнэ гэдгийг иргэд анхаарах ёстой. Вакцин хийлгэснээр халдвар огт авахгүй гэж ойлгох нь өрөөсгөл. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан хүмүүс ихэвчлэн хөнгөн хэлбэрээр өвчилсөн тул гэртээ эмчлүүлж байна” гэж тус төвөөс мэдээлсэн юм.
Бэлтгэсэн: М.Оч