Долоо хоногийн өмнө батлан даалтаар суллагдсан Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албаа өгөхөө мэдэгджээ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 23-нд Япон улсын Токио хотод эхлэх олимпоос урьтаж халаагаа өгөх гэнэ. МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан юм. Улмаар цагдаагийнхан түүнийг саатуулж, сар гаруй хугацаанд хорьсоны эцэст Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тавдугаар сарын 19-ний өдөр Н.Түвшинбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал гаргасныг шүүх хэлэлцээд сулласан. Н.Түвшинбаярт зодуулсан гэх Э.Энхбат начин БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд саяхан ухаан орсон талаар гэргийн нь мэдэгдсэн билээ.