Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор баталсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ыг хэрхэн хэрэгжүүлж байгааг 2020, 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар шалгажээ.
Шалгалтаар зарим сумдын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл нь эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эд зүйлийн үнэлгээг зөрчил гаргагчид танилцуулдаггүй, эд зүйлийг шийдвэрлэсэн талаарх баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэггүй, улсын орлого болгосон, хохирол нөхөн төлсөн, устгасан, бусад эрх бүхий байгууллагад шилжүүлсэн хөрөнгө, эд зүйл, хэрэгслийн бүртгэл тайлан, мэдээг ирүүлдэггүй зэргээр дээрх журмыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллаагүй зөрчил илэрсэн байна.
Шалгалтын дүнг аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, цаашид зөрчил дутагдал гаргаж ажиллахгүй байх талаар сумдын Засаг дарга нарт цахим сургалт зохион байгуулжээ.