Вакцины I тунд хамрагдсан 9000 орчим II тунгаа хийлгэсэн 2000 гаруй иргэн халдвар авсан гэж ХӨСҮТ-ийн захирал Баттөр мэдээллээ. Тэрбээр, "Нийслэлчүүдийн вакцинд хамрагдах ёстой иргэдийн 99 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн. Зургаадугаар сарын нэгэн гэхэд иргэдийн дийлэнх нь бүрэн тундаа хамрагдана гэсэн төлөвлөгөө гарган ажиллаж буй.
Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад халдварын дэглэмээ баримтлахгүй бол халдвар авах эрсдэл өндөр бий. Өөрөөр хэлбэл, бүрэн тунгаа хийлгээд 14 хоногийн дараа хүний биед дархлаа тогтоно. Манай улсад нийт нас барсан хүмүүсийн дотор бүрэн тундаа хамрагдсан ч 14 хоногт халдвар аваад нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэд нь архаг суурь өвчтэй болон өндөр настай хүмүүс байсан учраас биеийн байдал нь хүндэрч эндсэн юм. Энэ талын судалгааг байнга хийж байгаа. Бүрэн тунгаа хийлгээд 14 хоногт 900 гаруй иргэн халдвар авсан. Энэ халдвар авсан хүмүүс халдварын шинж тэмдэг бага байгаа юм. Мөн бүрэн тунгаа хийлгээд 14 хоногийн дараа шууд дархлаа тогтоно гэж иргэд ойлгож болохгүй. Хүн бүрт дархлаа тогтох хугацаа харилцан адилгүй байж болно. Иймд хүн амын дунд халдварын тархалт бууртал, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь хайртай хүмүүсээ хамгаалах нэг арга билээ" гэлээ.