“Дархлааг дэмжих цахим алхалтын долоо хоног” аяныг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр орон даяар өрнүүлж эхлэв. “Ковид-19” цар тахал иргэдийн амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж, хөл хорионы улмаас цөөнгүй иргэн хөдөлгөөний дутагдалд орох болжээ. Тиймээс уг аяныг эхлүүлж буйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлов. Аянд оролцох иргэд “Alhay” аппликэйшн татан авч, алхалтын тоогоо тогтмол бүртгүүлэх ёстой. Ингэснээр долоо хоногийн дараа хамгийн өндөр амжилт үзүүлсэн хүмүүсийг шалгаруулах гэнэ. Түүнчлэн энэ нь зөвхөн долоо хоног хэрэгжүүлээд өнгөрөх арга хэмжээ бус, иргэдэд байнга алхах дадал хэвшүүлэх зорилготой аян юм байна.
Манай улсын 15-69 настай иргэдийн 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой гэсэн судалгааны дүн бий. Энэ насны хүмүүсийн 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт, чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, өдөрт дунджаар гурван цагийг сууж өнгөрүүлдэг аж. Уг шалтгааны улмаас 15-69 настай иргэдийн 49.4 хувь нь илүүдэл жинтэй байгааг тус яамнаас мэдээлэв. Монголчууд өдөрт дунджаар 2737 алхдаг. Уг нь ДЭМБ-аас хүн өдөрт багадаа 10 000 удаа алхах нь зүйтэй гэж зөвлөдөг аж. Гэтэл манай улсын 18-69 настай хүн амын дөнгөж 4.9 хувь нь уг зөвлөмжийг биелүүлдэг байна. Алхалтын тоо хэмжигч төхөөрөмж, аппликэйшн зэргийг хүн амын 76 хувь нь ашиглахгүй байгааг ЭМЯ-ны судалгаанд дурджээ.
Бэлтгэсэн: М.Оч