Өмгөөлөгч Баасанцогтын шүүгчдийг авилгадсан байж болзошгүй асуудлаар "Дэлхийн монгол ногоон нэгдэл", "Нэхүүл" хөдөлгөөнийхөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн ёс зүйн хороонд өргөдөл гаргасан. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн ёс зүйн хорооноос нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Гэвч асуудал хэлэлцэх хугацааг удаа дараа хойшлуулсаар өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д. Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт холбогдох асуулдлыг хэлэлцэж эхэлсэн. Улмаар өчигдөр орой шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Шүүхийн ёс зүйн хорооны хурлаар Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж огцруулах, Д.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасах шийтгэл ногдуулжээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас АТГ-ын ажилтан, шүүгч, өмгөөлөгч хамтран бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж буй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үйлдэл нотлогдвол нэр бүхий хуульчдыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хэргийн талаар сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нар нарын ёс зүйгээ умартсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Цагдаагийнхан уг бичлэгтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 12.6.1-т заасан буюу Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан гэх үйлдлийг ийн шалгаж байгаа билээ.