Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны 05 сарын 01-ны өдрөөс эхлэн далд хэлбэрийн ховор тохиолдох хэм алдагдлыг оношлох зорилгоор 7 хоногийн холтер шинжилгээний технологийг зүрхний хэм судлалын өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ. Энэ нь 7 хоногийн туршид тасралтгүй үргэлжилсэн зүрхний цахилгаан бичлэгийг хийснээр 24-48 цагийн холтер шинжилгээгээр илрэхгүй байгаа далд хэлбэрийн цөөн тохиолдол бүхий хэм алдагдлыг ойролцоогоор 3-5 дахин илүү үр дүнтэй илрүүлэх боломжийг бий болгож байгаа юм.
Оношилгооны хэрэгслийг дээр дурдсан хугацаагаар хүний биед байрлуулахад харшил үүсгэхгүйн дээр усанд орох зэргээр өдөр тутмын амьдралын хэв маягийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд хөнгөн, авсаархан байдлаар бүтээгдсэн дэвшилтэт технологи билээ. Монгол улсад тархины цус харвалт элбэг тохиолдож байгаа ба тархинд цус хомсрох харвалтын цөөнгүй тохиолдох шалтгааны нэг бол далд хэлбэрийн буюу цөөн давтамжтайгаар тохиолдож буй зүрхний хэм алдагдах өвчин байдаг. Энэхүү өвөрмөц хэлбэрийн, цөөн тохиолдож буй хэм алдагдах өвчнийг эрт үр дүнтэй илрүүлснээр тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч эхлүүлэх боломжтой болно.
Эх сурвалж: ЭМЯ