Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр манай улс цусны нөөцийн хомсдолд орох нөхцөлд байгааг анхааруулж, "улаан" түвшинд хүрэх эрсдэлтэй гэв. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цусаа хандивлах иргэд, донорын тоо багассантай холбоотой аж. Цусан бүтээгдэхүүнийг дотор нь эсийн, улаан эсийн, сийвэнгийн хэмээн ангилдаг. Эсийн бүтээгдэхүүнийг 3-5, улаан эсийнхийг 21-42 хоног, сийвэнгийнхийг гурван сараас таван жил хүртэлх хугацаанд хадгалдаг аж. Тэгвэл манай улс сийвэнгийн бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй, харин эсийн болон, улаан эсийн нөөцийн хомсдолд ороод байгаа гэнэ. Энэ оны нэгдүгээр сард улаан эсийн нөөц 861 байгаа бол өнгөрсөн оны мөн үед 1342 байсан гэнэ. Харин өнгөрсөн оны хоёрдугаар сард 1441 байсан нь энэ онд 480 болж буурчээ. Цар тахал, тэр дундаа вакцинжуулалт нь цусан бүтээгдэхүүний нөөц багасгахад ийнхүү хүргэсэн аж.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал цус цуглуулах үйл явц 17 орчим хувиар буураад байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн оны эхний дөрвөн сард 8448 нэгж цусан бүтээгдэхүүн цуглуулсан бол энэ онд 7010 болж буурчээ.
Дөрвөн удаагийн хатуу хөл хорио, вакцинжуулалт зэргээс шалтгаалан цусны нөөц хомсдон, "улаан" түвшинд хүрэх эрсдэлтэй болсон учир дархлаажуулалтад хамрагдсан иргэд донор болох бүрэн боломжтой аж. Эмэгтэйчүүд гурав, эрэгтэйчүүд хоёр сар тутамд цусаа хандивлаж болдог. Мөн коронавирусийн эсрэг ямар төрлийн вакцинд хамрагдсанаас шалтгаалан цусаа хандивлах хугацаа өөр өөр байдаг аж. Жишээлбэл, "Астра Зенека" вакцинд хамрагдсан хүмүүс 56, "Спутник V"-д хамрагдсан нь 21-28 хоногийн дараа цусаа хандивлах боломжтой.