Дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь нь халдвар авчээ. Мөн энэ нь дархлаажуулалтад хамрагдсанаас 14 хоногийн дотор буюу дархлаа тогтож амжаагүй үедээ халдвар авсан гэж Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. Өөрөөр хэлбэл, вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 28 хоносны дараа бүрэн дархлаа тогтоно гэдгийг албаны хүмүүс хэлж буй.
Дархлаа судлаач, доктор Д.Мандахнаран дархлаажуулалттай холбоотой дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "энэ сарын 17-ны өдрийн байдлаар АНУ-ын 123 сая хүн вакцин хийлгэснээс 1949 хүн буюу 0.001 хувь орчим нь дахин халдвар авсан. Үүнийг эрдэмтэд вакцин үр дүнгээ үзүүлсэн гэж үзэж буй тул иргэд санаа зовох шаардлагагүй гэж мэдээлсэн.
Дэлхийд дархлаажуулалтын тоогоор Израил нэгдүгээрт, хөгжиж буй орнуудаас Монгол улс тэргүүлж буй. Хөгжиж буй орнуудад нийт вакцины 0.3 хувь нь оногдож байна. Хөгжингүй, эдийн засгийн боломжтой орнууд вакциныг хамж байна гэх шүүмжлэл бий. Ядуу буурай, орлого багатай орнуудад яаж тэгш хүртээмжтэй олгох нь чухал болсон энэ үед манай улсад вакцин олдоцтой байгаа нь сайшаалтай. Иймд иргэд аль болох вакциндаа сайн хамрагдах хэрэгтэй.
Мөн вакцин үйлдвэрлэгчид дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн бага хувь нь халдвар авах магадлалтай. Гэсэн хэдийн ч халдварт өртсөн ч хөнгөн тусна гэдгийг хэлсэн" гэв.