Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид архидаж, зодолдсоноос нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн баасан гарагт гарлаа. Үүний улмаас тус ангид 10 гаруй жил алба хааж байсан ахлах ахлагч Р.Э амиа алдсан байна. Эл хэрэгт холбогдуулан дээрх ангийн ахлагч цолтой хэд хэдэн хүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт шалгаж эхэлсэн, нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон талаар эх сурвалжуулд мэдээллээ. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр энэ талаар цахим мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид “23.30 цагийн үед хэргийн талаарх мэдээлэл ирсэн. Амиа алдсан ахлагч өөр анги руу шилжихээр өчигдөр тойрохоо зуруулсан юм. Хоёр алба хаагчийг холбогдуулан цагдаагийн байгууллага шалгаж байгаа” хэмээн ярьжээ.
Тус ангийн алба хаагчидтай холбоотой хэрэг, зөрчил сүүлийн үед хэд хэд гарах болсон. Шинэ дайчдаа дэглэсэн бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан халагдах цэргүүдэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан сар хорих ял шийтгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл зэвсэгт хүчний 032 дугаар ангитай холбоотой өөр нэг хэрэг гарсан нь тэгсхийгээд дарагдсан юм. Тус ангийн механик жолооч, ахлах ахлагч Х-ыг Хужирбулан дахь буудлагын талбайд сургалтын буудлага хийж дууссаны дараа БРДМ-2 хэмээх байлдааны хуягт машинд суурилаатай байдаг ПКТ загварын пулемётоор дотор нь сууж байсан нэг алба хаагч буудаж шархдуулсан байдаг. Тэд уг бууг машинаас нь салгаж авах гэж байхад ийм явдал болсон ч өдгөө эл хэрэг хэрхсэн нь тодорхойгүй сураг алдарчээ.