УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед өнөөдөр 17.40 цагийн үед Дэмбэрэлнямын Совд гэх эр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ. Сайдыг Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, төрийн тусгай хамгаалалттай БШУЯ-ны байр руу орж явахад нь дээрх хүн халдсан аж. Тэрбээр Л.Энх-Амгалан сайдад хандан "Хүүхдүүдэд Хятад вакцин хийх гэлээ, ална" хэмээн хутга барин дайрчээ. Улмаар гартаа барьсаг мэсээ түүн рүү шидсэн байна. Гэвч оноогүй тул гараараа цохиж нүдний шилийг нь хагалжээ. Шилнийхээ хагархайд нүүрэндээ бага зэрэг шалбарснаас өөрөөр гэмтээгүй гэдгийг эх сурвалжууд хэлэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд халдсан Д.Совд нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж, өрсөлдөж байсан нэгэн юм. Тэрбээр ингэж халдахаасаа өмнө твиттер хуудсандаа "Хүүхдүүдэд Хятад вакцин хийж байгааг яаралтай зогсоо. Ийм шийдвэр гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайд, холбогдох шатны буруутай хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна" хэмээн бичсэн байв.
Д.Совд нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул нэгэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Даваасүрэнгийн дэмжлэгээр төрийн албанд орж байж. Улмаар нэлээд хэдэн байгууллагад мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга зэрэг албан тушаал хашиж, хамгийн сүүлд "ДЦС-IV" ХК-ийн дэд захирлаар 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж чөлөөлөгдсөн нэгэн юм. Тэрбээр сайд Л.Энх-Амгаланд нэлээд өс санаж явдаг байж болзошгүй нэгэн гэдэг нь олон нийтийн сүлжээнд бичсэн зүйлсээс нь харагдаж байна. https://m.facebook.com/story.php?story_fbid=906588990087025&id=127506007995331