Н.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 51 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэв. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өчигдөр (2021 оны 05 дугаар сарын 20) хянан хэлэлцлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/ зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн өнөөдөр Н.Алтанхуягийн гаргасан өөр нэг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ. Сонгуулийн ерөнхий хороо, Сонгуулийн ерөнхий хорооны шуурхай хуралдаанаас томилогдсон Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт, түүнд холбогдох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсгийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.