Дорнод аймгийн Чойбалсан хот, Баянтүмэн суманд энэ сарын 10-13-ны өдрүүдэд олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болголоо. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар орон нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу тус газарт ажилласан байна. Тодруулбал, нийтдээ 10 нэр төрлийн 130 гаруй байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг болон сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгах ажлыг зохион байгуулсан юм. Тус бүлгийнхэн өнгөрсөн саруудад Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Наран суманд ажиллаж, мөн л ард иргэдэд учирч болох эрсдэлээс хамгаалсан байна.