АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 546 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, есийг нь хаах, гурвыг нь харьяаллын дагуу цагдаа, тагнуулын байгууллагад шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлээд буй. Өдгөө 536 хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Тус газраас шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-ын хяналтад хүргүүлсэн хэргүүдийн дунд ЖДҮХС-гаас авсан зээлтэй холбоотой хэрэг багтжээ. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан П.Сэргэлэнгийн эхнэрийн дүү, ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтан Довчинсамбуу болон тус сангийн захирлаар ажиллаж байсан Ө.Мөнгөнцэцэг нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна. Тэднийг “Алтай групп” буюу “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий таван компанид тус бүрт нь хоёр, нийт 10 тэрбум төгрөг олгосон хэрэгт буруутгасан юм.
“Алтай групп”-ийн Х.Бат-Эрдэнэ хамаарал бүхий “Блю скай стар”, “Буйр лэйк тур”, “Кореасан са”, “Рояал кроун”, “Төгс шим” компани 10 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас авсан байдаг. Зээл өгөхийн тулд ХХААХҮ-ийн сайд асан, хурдан морь, уяачдын холбоогоороо Х.Бат-Эрдэнэтэй нэгддэг П.Сэргэлэн журамдаа өөрчлөлт оруулсан гэдэг. Харин тус сангийн албан тушаалтнууд “уг мөнгийг олгохдоо албан үүрэгтээ хайнга хандаж хяналт муу тавьсан байна” хэмээн Ө.Мөнгөнцэцэг, Довчинсамбуу нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа НПГ-ынханд хүргүүлсэн юм байна. Уг саналыг нь үндэслэн шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлэх болсныг прокурорын эх сурвалжууд мэдээллээ. Ингэснээр П.Сэргэлэн, Х.Бат-Эрдэнэ нарт хариуцлага хүлээлгэхгүй нь бололтой.
2016-2020 онд хууль тогтоох дээд байгууллагад сууж байсан, МАН-ын гишүүнчлэлтэй цөөнгүй түшээ ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон билээ. УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарыг гэм буруутайг шүүх тогтоон ял шийтгээд байгаа бол Л.Энхболдод холбогдох хэргийг түдгэлзүүлсэн. Харин улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гаас дүү Б.Одончимэгийнхээ үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн нэрээр 2018 оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авсан гэх үндэслэлээр шалгуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт холбогдох хэргийг АТГ-ынхан хэрэгсэхгүй болгох санал НПГ-т хүргүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад буй. УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь хамаарал бүхий “Рэд стар клуб” ХХК-даа дээрх сангаас 800 сая төгрөгийн зээл авсан хэргийг прокурор хаах шийдвэр гаргасан юм.