Монгол орон газрын хэвлий дэх үүцээ задалснаас хойш гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд байгаль руу уулгалан дайрч, ухаж төнхөх болсон. Зарим нь хууль журмын дагуу ашигт малтмал хайж, олборлон, Монгол Улсад татвараа зохих ёсоор төлж, ухаж сэндийчсэн газраа ч нөхөн сэргээдэг. Харин дийлэнх нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хууль зөрччихөөд манай хууль хяналтын байгууллагынхныг ч үл ойшоох нь бий. Тэдгээр аж ахуйн нэгжийн тоонд БНХАУын хөрөнгө оруулалттай, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь”, Завхан аймагт алт олборлодог, хонконг эзэнтэй “Баян-Айраг эксплорэйшн” ХХК багтдаг гэхэд хилсдэхгүй. Хариуцлагагүй уул уурхай эрхлэгч эдгээр аж ахуйн нэгж Монгол орны нэг хэсэг газрын хөрс, усыг хордуулсан үйл ажиллагаа явуулсаар буй ч тэдэнтэй хэн ч хариуцлага тооцож чадалгүй өдийг хүрчээ. Байгаль орч¬ ныг хордуулсан үндэслэлээр шалгуулах болсон эдгээр компанийн хэрэг өдгөө хэрхэж буй талаар холбогдох байгууллагын эх сурвалжуудаас тодруулахыг зорилоо.
ХӨРСӨНД ЦИАНИТ НАТРИ АСГАСАН ХЭРГИЙГ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд химийн хорт, аюултай цианит натри алдагдаж, их хэмжээний талбай бохирдуулсан хэрэг гарсан билээ. Тус компани уурхайн үйл ажиллагаандаа цианит натри ашиглаж, нуруулдан уусгах технологиор алт олборлодог юм. Энэ бодис хортой хий болон цианит устөрөгч ялгаруулдаг бөгөөд хамгийн хурдан үйлчилгээтэй хорнуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог билээ. Цианит натри усанд орсон тохиолдолд цэвэрлэх боломжгүй. Хөрсөнд нэв¬ чиж шингэсэн цианы хагас задралын үеийг 1-3 жил гэж эрдэмтэд тодорхойлсон байдаг юм билээ. Ийм хортой, аюултай бодисыг тус уурхайд ашигладаг бөгөөд өнгөрсөн өвөл үйлдвэр, хүдрийн агуулах хоорондын хоолой хөлдөж, задран их хэмжээний цианы хүчил хөрсөнд асгаж, багагүй талбайг бохирдуулсан юм. Орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудын тухайн үед өгсөн мэдээллээр, 490 гаруй га талбайг хамран цианит натрийн уусмал асгарч, уурын зуух руугаа ч орсон хэмээж байв. Харин “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийнхан “Уурхайн үйлдвэрийн талбайд 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний 08.00 цагийн орчимд 110 мм-ийн хоолой задарч, бага агууламжтай, литр тутамд 0.06-0.07 гр буюу 63-70 ppm концентрацтай цианит натрийн сулруулсан уусмал хэсэг талбайг хамарч гоожсон.
Тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн ажилчид шугам хоолойд гарсан гэмтлийг хугацаа алдалгүй илрүүлж, урсгалыг зогсоон, орчныг бүрэн аюулгүй болгосон” хэмээн мэдэгдсэн билээ. Үүгээр ч зогсохгүй ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Л.Жаргалсайханаар “Цианит хурдан задардаг, хоруу чанар багатай” гэсэн төлбөртэй ярилцлага ч энэ оны нэгдүгээр сард өгүүлж байв. Химийн хор, аюултай бодис хөрсөнд асгасан хэргийг дөнгөж шалгаж эхэлж, шинжээчдийн дүгнэлт гараагүй байхад цианит натри хор, аюулгүй, амархан задардаг мэтээр мэдээлэл цацсан нь мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого биш гэж үү. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх ослын дараа газар дээр нь шалгалт хийгээд “Цианит натрийн уусмал дамжуулах хоолойг угсрахдаа баталсан зураг төсөл, норм дүрэм, стандартын шаардлага хангаагүй, зураг төслийг бүрэн хийж гүйцэтгээгүй, ашиглалтын явцад урсгал болон их засвар, үйлчилгээний ажил хийгээгүй, технологийн хэвийн ажиллагааны горим баримтлаагүйгээс 1.2 тн цианит натри алдагдсан” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Улмаар үйл ажиллагааг нь зогсоосон билээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд буйг эх сурвалжуудаас тодруулахад “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн байгаль орчинд хор хохирол учруулсан байж болзошгүй хэргийг прокурорын байгууллагаас харьяалал тогтоож, Завхан аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн сарын 5-нд ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба руу шилжүүлжээ. Уг хэрэгт НПГ-аас хяналт тавьж буй гэнэ. Шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж. Холбогдох байгууллагынхны шинжээчдийн дүгнэлт гарсны дараа бусад ажиллагааг хийгээд “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлэхээр төлөвлөжээ. Тус компанийнханд Эрүүгийн хуулийн 24.1-3 дахь хэсэгт заасан Байгаль орчныг бохирдуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллага зөвхөн өнгөрсөн өвөл гарсан, цианит натри хөрсөнд асгасан хэргээр тогтохгүй байгаль орчинд хохирол уч¬ руулсан өмнөх хэргүүдийг нь ч нэгтгэн шалгах болсон.
“Баян-Айраг эксплорэйшн” компанийнхны үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хор хохирол учирсан байх магадлалтай цөөнгүй тохиолдол бий. Гэвч тус компанийнхан хариуцлагаас мултарсаар өнөөг хүрсэн юм. Тухайлбал, 2014 оны наймдугаар сарын 19-нд тус компанийн уурхайн орчимд бор шувууны төрлийн шар хацарт чагнуухай хэмээх 500 шувуу үхсэнийг анх бүртгэсэн бөгөөд түүнээс хойш өдөрт 50-60-аар нэмэгдсээр энэ төрлийн 1000 гаруй жигүүртэн хорогдсон. Уг хэргийг шалгах явцад хаягдлын сангийнхаа ус нэвтрүүлэхгүй байх ёстой хамгаалалтын давхаргад чанаргүй плёнк дэвссэн нь цоорч, хөрсөнд нэвчсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь тус уурхайн өөрийнх нь лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. 2016 онд “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан хөрсөнд химийн бодистой ус асгасан хэрэг нэг бус удаа гаргасныг хууль сахиулах байгууллагынхан нь мэдээлж байв. Өнгөрсөн өвлийнхтэй адил шахам байдлаар хөрсөнд химийн хорт бодистой ус асгарсан байдаг. Түүнээс хойш 2019 оны зургадугаар сарын 13-14-нд орсон ус ихтэй борооны улмаас уулын ус үерлэж, “БаянАйраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайн хаягдлын сан усанд автсан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид уг үер болохоос гурван сарын өмнө шалгалт хийн, зөрчлүүд илрүүлж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн ч түүнийг нь биелүүлээгүйгээс цианит натритай ус хөрсөнд алдсан байж болзошгүй гэж дүгнэсэн байдаг. Энэ явдлаас хойш Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Бага нуурт 2800 шувуу үхсэнийг дээрх уурхайн үйл ажиллагаатай холбон харддаг ч тодорхой баримт үгүй, чухам юунаас хордсон нь тодорхойгүй байсаар дуулиан намжсан билээ. Харин энэ удаа цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, дээрх компанийнханд хариуцлага тооцно гэж орон нутгийн иргэд найдаж буй.
ХӨРС, УС БОХИРДУУЛСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ХЯТАДУУДЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал сумын зааг дахь Улааны холимог металлын ордод үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхан Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж, байгаль орчинд хохирол учруулж байгаа талаар манай сонин удаа дараа мэдээлсэн ч холбогдох байгууллагынхан өмнөд хөршийн эл аж ахуйн нэгжийнхэнд хариуцлага тооцож чадахгүй л байна. АМГТГ-аас MV-000247, MV-010089 дугаартай тусгай зөвшөөрөл авсан “Шинь шинь”, MV-013555 дугаартай лицензтэй “Хунбөө” компанийнхан үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх маш их хэмжээний ус ашиглаж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудаас ямар ч зөвшөөрөл аваагүйг тогтоосон байдаг. Мөн үйлдвэрлэлийн шингэн хаягдлын далангийн хажууд, батлагдсан зураг төсөвт тусгагдаагүй байршилд, эргэлтийн усан сангийн баруун хойд талд байрлах хяналтын цооногт шүүрлийн усыг зориулалт бусаар цуглуулан үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд шавхан зайлуулсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан химийн бодисын үлдэгдэл, хог хаягдлыг хадгалах, устгах цэггүй, химийн бодисын савыг ил задгай хаяснаас хур борооны усаар дамжин хөрсөнд нэвчин гүний усанд нөлөөлж, орчныг бохирдуулах нөхцөл байдал үүссэн, хаягдлын даландаа чанаргүй плёнк ашигласнаар хөрс, газрын гүний усыг хордуулж байж болзошгүй гэж шинжээчид дүгнэсэн байдаг. Тодруулбал, Дорнодын усны хагалбар газрын нэг Сэвсүүлийн хөндийн газрын доорх усны нөөц, гүний ус болон хөрсөнд хаягдал уснаас үүдэлтэй бохирдол нөлөөлж байх магадлалтай аж. Энэ мэтээр хүн, мал, байгаль орчинд сөрөг нөлөө учруулсан хэрэгт холбогдуулан “Шинь шинь” компанийн нэг бус албан тушаалтныг хариуцлагад татах саналаа Экологийн цагдаагийн албаныхан хяналтын прокурорт хүргүүлсэн байна. Гэвч НПГ-ын хяналтын прокурор уг саналтай танилцаад зарим зүйлийг зайлшгүй нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн мөрдөгчдөд буцаасан аж. Экологийн цагдаагийн албаны мөрдөгч нар прокурорын даалгаврын дагуу заасан ажиллагааг хийгээд удахгүй саналаа дахин хүргүүлэхээр төлөвлөснийг эх сурвалжууд мэдээллээ.
“НАРАНМАНДАЛ ЭНТЕРПРАЙЗЕС”-ЫНХАН ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭНГҮЙ
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахиртын ордоос алт олборлодог “Наранмандал энтерпрайзес” компанийн уурхайд 2020 оны нэгдүгээр сарын 24-нд дэлбэрэлт болж олон хүн гэмтэж, шархадсан билээ. УИХ-ын гишүүн асан “Молекул” Б.Батбаярын хамаарал бүхий гэж хэвлэлд бичдэг тус уурхайн тэсэлгээний хэрэгслийн агуулахад уг явдал болсон бөгөөд иргэн В.Гантулга, А.Дөлгөөн, Г.Ганболд, М.Нурдавлет, С.Жамсран нар эрүүл мэндээрээ хохирч нэг нь хараагүй болсон юм. Тухайн үед “Наранмандал энтерпрайзес” компаниас мэдэгдэл гаргахдаа “2020 оны нэгдүгээр сарын 24-нд уурхайд гарсан осолд харамсаж байна. Осолд өртсөн хүмүүс нь туслан гүйцэтгэгч “Пироп эрдэнэ” компанийн ажилчид бөгөөд манай компанитай хамааралгүй. Энэхүү осол нь манай компанитай шууд хамааралгүй” хэмээж байсан юм. Тэгвэл таван хүн эрүүл мэндээрээ хохирсон уг хэргийг Баянхонгор аймгийн хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр хаахаар болжээ. Учир нь уг хэрэгт яллагдагчаар татахаар төлөвлөж байсан иргэн Ц.М нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон байна.
Тус аймаг дахь хууль хяналтын байгууллагынхан “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайд гарсан хэд хэдэн ослын шалтгааныг шалгаад бүгдийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эх сурвалжууд батлав. Тухайлбал, тус компанийн уулын нэвтрэгч гэх албан тушаалд ажиллаж байсан иргэн Б 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр үйлдвэрлэлийн осолд орж гэмтсэн аж. Хохирогч Б эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажилласнаас эрүүл мэндээрээ хохирсон хэмээн уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн тус компанид ажиллаж байсан иргэн Б шороонд даруулж гэмтсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон ч дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах гэсэн үндэслэлээр прокурорын хяналтад буцаасан гэнэ. Баянхонгор аймагт уул уурхайн олон компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэр хэрээр үйлдвэрлэлийн осол гарч, ажилчид нь эрүүл мэндээрээ хохирдог аж. Ажилчдын өөрсдийнх нь буруутай үйлдлээс болсон гэж цагдаа, мэргэжлийн байгууллагынхан нь дүгнээд хэргийг хаачихдаг олон жишээний нэг нь дээрх “Наранмандал энтерпрайзес” компанид болсон дэлбэрэлтийн хохирогчид. Өөр нэг бус баримтыг энд эш татъя. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Империал гоулд майнинг” ХХК-ийн ажилтан П.Э, П.Г нар 2019 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө уурхайн хиймэл нуурт живж нас барсан юм.
Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал Т.Мөнхбаярын хамаарал бүхий гэх, дээрх компанийнхан ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтын бүрдэл дутуу, аюулгүй байдлын арга хэмжээнд хөрөнгө төсөвлөж зарцуулаагүй, ажилтнуудыг даатгалд хамруулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй гэх зэрэг үндэслэлээр гүйцэтгэх захирал М.Энхтайванбаатарт нь албан шаардлага өгч үйл ажиллагааг нь 2019 оны гуравдугаар сард зогсоогоод байсан. Гэвч тавдугаар сард хууль зөрчин, нууцаар ажилласан учраас техник хэрэгслийг нь лацадсан байдаг. Гэтэл дахин нууцаар ажиллаж байх үед нь дээрх хоёр хүн амиа алдсан юм. Харамсалтай нь үхсэн хүн үг хэлэхгүй болохоор архи уусан үедээ өөрсдийн болгоомжгүй үйлдлийн улмаас хиймэл нуурт живж нас барсан гэж дүгнэн хэргийг хаажээ. Үүнээс өмнө тус компанийн уурхайд 2018 онд хоёр ч хүн эрүүл мэндээрээ хохирсон хэргийг ажилчид өөрсдөө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хаасан байна. Дээрхээс гадна “Спейшл майнз” ХХК-ийн уурхайд 2018 оны гуравдугаар сард гурван ажилчин нь ажлын байрандаа цианит натрид хордон эмнэлэгт хүргүүлж, нийслэлд авчран Хордлогын төвд эмчлүүлж байсан билээ. Гэвч уг хэргийг тухайн үедээ юунд хордсоноо оношлуулж шинжилгээ хийлгээгүй, хордсон шалтгааныг нь тогтоох боломжгүй хэмээн хаасан аж. Энэ мэтээр Баянхонгор аймагт гарсан уул уурхайн ослын хэргүүдийг хэрэгсэхгүй болгоод байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа