Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүн, өнөөгийн М.Тулгатын тэргүүлсэн АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10.00 цагт хэлэлцэхээр товлоод байв. Дээрх банканд удирдах албан тушаал хашиж байсан энэ гурван хүнийг эрх мэдлээ урвуулан Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй. Хөгжлийн банкны удирдлага 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффистой болсон байдаг. Ингэхдээ сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан юм.
ТУЗийн дарга Б.Шинэбаатар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх Н.Мөнхбатад олгосон хууль бус тогтоол баталж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн уг хоёр хүнийг яллагдагчаар татсан. Ч.Отгочулуугийн хувьд Уул уурхайн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дээрх банкны ТУЗ-ийн гишүүний орон тоонд багтсан бөгөөд эрх нь дууссан атал тус зөвлөлийн хуралд очиж, ирц бүрдүүлэн, хууль бус шийдвэр гаргуулахад хамтарсан хэмээн буруутгагдаж буй юм. Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны төв байрны 11, 12 дугаар давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан аж.
Үүнээс гадна гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд учруулсан үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Тэрбээр албан тушаалаа урвуулан Хөгжлийн банкан дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах шийдвэр бие даан гаргаж, 2013 оны есдүгээр сараас 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд түүнийгээ буцаан татах шаардлагагүй байхад арилжааны банкуудаас мөнгөн хадгаламжаа хугацааны өмнө эргүүлж авсан аж. Үүнээс болж Хөгжлийн банкны хадгаламжийн хүүгийн орлогыг алдагдуулж, тус банканд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаад байгаа юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдний гэм буруутай, эсэхийг дэнслэхээр шүүх хурлыг эхлүүлсэн ч шүүгдэгч нарын нэгийнх өмгөөлөгч хурал давхацсан, өөр нэг өмгөөлөгч “Ковид-19”-ийн халдвартай хүний ойрын хавьтал болсон хэмээн мэдэгдэж хүсэлт гаргасан байна. Тэдний хүсэлтийг хурал даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ хүлээн авч, зургадугаар сарын 10-ны 09.30 цагт хэлэлцэхээр товлолоо.