Энэ оны хоёрдугаар сарын 7-нд иргэн Э өөрийнхөө бие дээр шатахуун асгаж, гал тавин, улмаар амиа алдсан хэрэг гарсан. Сүхбаатарын талбайд болсон уг хэргийг гадна нөлөөгүй хэмээн үзэж хаасан билээ. Харин "Сод монгол" шатахуун түгээх станцынхныг бензин саванд хийж, задгайгаар зарсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шийдсэн байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс "Сод монгол" групп ХХК-ныг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 3 000 000 төгрөгөөр торгожээ. Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус компанид мэдэгдэл бичсэн байна.