Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан ирсэн залуусыг дэглэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархаж, үүний дагуу хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Дээрх хэргийг цэргийн албанаас халагдаад явсан Э.Мөнхбаатар, Н.Одмандах, Ц.Энхбат нар үйлдсэн нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас дээрх гурван хүнд Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн”, 28.4-1-т заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өнгөрсөн сард мэдээлсэн. Тухайн үед дээрх залуусын гэм буруутай, эсэхийг нь шүүх дэнслэхээр товлосон ч хохирогч Э.Хүдэрчулуун, Б.Шинэбаяр, Ц.Амархүү нарыг зэвсэгт хүчний 032 дугаар ангийн удирдлага нь “Цар тахлаас үүдэн цэргийн алба хаагчдыг гадагш гаргахгүй” гэсэнд үндэслэн хурлыг хойшлуулаад байв. Харин өчигдөр болсон шүүх хурлаас шүүгдэгч Э.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн 28.4-1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.