Судалгаагаар сүүлийн 10 жилд мотоциклоос унасан зам тээврийн осол 4925 гарч, 2132 хүн гэмтэж, 698 хүний амь хохирчээ. Өнгөрсөн 2020 онд гэхэд энэ төрлийн 479 осол гарч, үүний улмаас 295 хүн гэмтэж, 74 хүний амь хохирсон гэнэ. Нийт ослын 80.8 хувь нь орон нутагт гарч, малчид хамгийн их энджээ. Бүр тодруулбал, мотоциклтой хөдөлгөөнд оролцож яваад амь хохирсон иргэдийн 81 хувь нь орон нутгийнх.
Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн санд 2020 оны байдлаар 1.137.208 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 67.796 буюу 6.0 хувь нь мотоцикл байна. Үүнээс 9.834 буюу 14.5 хувь нь нийслэлд, 57.962 буюу 85.5 хувь нь орон нутагт бүртгэлтэй. Мөн цагдаагийнхан 2020 онд согтуугаар мотоцикл жолоодсон 1377 жолоочийг илрүүлсэн гэнэ. Он гарсаар эхний тавдугаар сарын 10-ны байдлаар энэ төрлийн 92 осол, хэрэг бүртгэгдэж, 51 хүн гэмтэж, 27 хүний амь хохирсон байна. Амь хохирсон 27 хүний 26 нь эрэгтэй, 1 эмэгтэй байжээ.
Тухайлбал:
- Өвөрхангай аймагт 4,
- Архангай, Баян-Өлгий, Төв аймгуудад тус бүр 3,
- Булган, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудад тус бүр 2,
- Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудад тус бүр нэг хүний амь хохирсон байна.
Өнгөрсөн 2020 онд Архангай аймагт 23, Баянхонгор аймагт 35, Өвөрхангай аймагт 33, Сүхбаатар аймагт 29 мотоциклын осол, хэрэг бүртгэгдсэн бол Баянхонгор аймагт 5863, Өвөрхангай аймагт 4795, Дундговь аймагт 4436, Төв аймагт 4345, Увс аймагт 4276 мотоцикл бүртгэлтэй байгаа нь бусад аймгуудаас мотоциклын хэрэглээ илүү байна. Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь “хурд хэтрүүлж онхолдох”, “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, онхолдох, үл хөдлөх зүйл мөргөх” зэрэг хэлбэрээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас эрүүл мэндээрээ хохирсон байна.
Мотоциклын хөдөлгөөнийг аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хооронд тухайн аймгийн засаг даргын захирамжаар хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд мотоцикл ашиглахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах малгай тогтмол өмсөж хэрэглэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулсаар ирсэн. Харамсалтай нь, орон нутгийнхан маань анхааруулсныг төдийлөн ойшоодоггүйгээс нэг жилд ийм олноороо амиа алдсаар байна. Тиймээс зарим ахмад малчин “Мотоцикл сонгож амиа өгөх үү, морио унаж Монголоороо үлдэх үү” гэдэг асуудлыг сөхөж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг цагдаагийнхан, орон нутгийн удирдлагаас хүссээр байгаа гэнэ.