Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолтой Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр дахин хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд хүлээж аваагүй юм. Уг хэргийг нууцаас гаргахаар болсон ч прокурорын бичсэн дүгнэлт маш нууц гэсэн дардастай ирсэн тул хурлын эхлэл, төгсгөлд л хэвлэлийнхнийг оруулсан. Ингээд шүүх бүрэлдэхүүн шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хэлэлцээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнөөдрийн дотор батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Энэ хэрэг зохиомол гэдгийг хамгийн сайн мэдэх газар нь хуулийн хяналтын байгууллага. Өнөөдөр харин Улсын дээд шүүх шударга шийдвэр гаргаж дүүг минь суллаж, мянга мянган "Т.Чимгээ, Б.Содномдаржаа" нар хэлмэгдсэнийг баталлаа" хэмээсэн юм. Тэрбээр дүүгээ гаргаж авахаар Улсын дээд шүүхээс шууд Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги руу явсан билээ.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хэргийг шинээр нөхцөл байдал үүссэн хэмээн ийн задаллаа. Ц.Амгаланбаатар хүний амийг хөнөөснөөс гадна өөр хэргээр ял сонссон тул түүнийг суллах шийдвэр гаргасангүй.