Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сарын байдлаар 388 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Тухайлбал, хатуу хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл ирэх нь эрс өссөн.
Энгийн өдрүүдэд хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 100 орчим ирдэг байсан бол сүүлийн үед уг тоо 150-190 болж өсжээ. Тухайлбал, өчигдөр цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 184 дуудлага ирсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг гэх 2000 гаруй иргэн бүртгэлтэй гэнэ. Эдгээр айл өрхүүдээ аюулын зэргээр нь өндөр, дунд, бага гэж ангилдаг. Аюулын зэрэг өндөртэй 200 гаруй өрх бий аж.
Гадаадын улс оронд гэр бүлийн хүчирхийлэгчийн зургийг мэдээллийн хэрэгсэл, сайтад байршуулдаг. Олон нийт ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, цагдаагийнхантай нягт хамтарч ажилладаг гэнэ. Харин манай улсын зарим иргэн хөршийнхөө гэрт болж буй хууль бус үйлдлийг үл тоож, айл гэрийн дотоод асуудал бидэнд хамаагүй гэх хандлага гаргах нь олонтоо. Үүний улмаас олон зуун хүүхэд, эмэгтэйчүүд тусламж авч чадахгүй гэр бүлийн хүчирхийллийн золиос болсоор байгаа юм.