Эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байсан болон шүүхээр ял шийтгүүлсэн цөөнгүй хүн өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байв. Тэднээс УИХ-ын гишүүн болсон нь ч нэг бус. Тухайлбал, Баянхонгор аймгаас сонгогдсон А.Адъяасүрэн Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт яллагдагчаар татагдсан. Мөн Сэлэнгэ аймгаас сонгогдсон, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг Дээд шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж буцаасны дараа батлан даалтад гарч, өдгөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж буй билээ. Түүнийг 2017 оны есдүгээр сард Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай Засгийн газрын тогтоол баталж, Тост, Тосон бумбын нурууны, Ноён уул орчмын хилийн заагт байрлалтай тусгай зөвшөөрлийг цуцлан нөхөн олговор олгохдоо дүүгийнхээ болон дээрх бүс нутагт багтаагүй, найз Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” компанид давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон билээ.
“Цагаан захтнуудын” гэж нэрлэдэг авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд ялаас мултарсан өөр нэг хүн хууль тогтоох дээд байгууллагад сууж буй нь Ховд аймгаас сонгогдсон Ш.Адьшаа юм. Түүний хамгийн сүүлд холбогдсон, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ тусгай зөвшөөрөл авахын тулд Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнуудад хахууль өгсөн хэргийн хавтсыг сөхье.
Тэрбээр авлигын нэг бус хэрэгт шалгуулж байсан ч “уснаас хуурай гарсан” нэгэн билээ. Тодруулбал, хуучнаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Ш.Адьшааг анх шалгаж байсан бөгөөд АТГ байгуулагдахад түүнд холбогдох хэргийг шилжүүлсэн юм. Тэрбээр тухайн үед Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтод гаалийн улсын байцаагч, мөн Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан хахууль авсан үндэслэлээр шалгуулсан түүхтэй. Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 268.2-т заасан албан тушаалтан удаа дараа хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр 2009 оны дөрөвдүгээр сард хэргийг прокурорт шилжүүлсэн ч тэгсхийгээд замхарсан юм.
ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛИАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ АВЧЭЭ
Г.Шийлэгдамбыг 2015 оны арваннэгдүгээр сард АТГ-ынхан баривчилж, шалгаж эхэлсэн билээ. Түүнийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байхдаа 2014 оны арванхоёрдугаар сарын 18-нд тушаал гаргаж Г.Ганчимэгийг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан. Улмаар Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 11-ний тогтоолоор уг албан тушаалд томилогдоход дэмжлэг үзүүлснийхээ төлөө түүнээс таван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон билээ. Мөн “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавэй технологи” ХХК-ийн “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулахдаа “Метронетворкс” ХХК-д давуу байдал олгон дэмжлэг үзүүлснийхээ төлөө 2015 оны аравдугаар сарын 15, арваннэгдүгээр сарын 4-нд нийт 120 мянган ам.долларын хахууль авсан хэмээн ял шийтгүүлсэн юм.
Харин сайддаа таван сая төгрөгийн хахууль өгч ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болсон хэрэгт холбогдсон Г.Ганчимэгийг Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хахууль авсан хэмээн буруутгасан байдаг. Уг хахуулийг сайд Г.Шийлэгдамбын туслах Я.Цэвээнхандаар зуучлуулсан гэж буруутгасан юм. Түүнд хахууль өгсөн хүн нь “Сити энержи” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, өнөөгийн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа байжээ. Тэрбээр 2015 оны тавдугаар сарын 25-нд таван сая төгрөгийг эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангаагүй “Улаанбаатар мед” эмнэлэгтээ магадлан итгэмжлэл гаргуулан авахын тулд өгсөн аж.
Уг нь Эрүүл мэндийн сайдын баталсан Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмын 1.6-д “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч хоёр ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно” гэж заасан байж. Гэвч уг шаардлагыг хангаагүй “Улаанбаатар мед” эмнэлэгт итгэмжлэл олгох, эсэхийг 2015 оны зургадугаар сарын 16-ны Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлаар хэлэлцжээ. Энэ тухай Г.Ганчимэг мэдүүлэхдээ “2015 оны тавдугаар сард сайдын туслах Цэвээнханд өрөөнд орж ирээд “Адьшаа ах танд нэг юм өгүүлсэн, түүнийг нь өгье” гэсэн юм. Би их цочирдож, эвгүй санагдсан учраас “Адьшаа гэж хэн юм бэ. Яагаад огт танихгүй хүн надад тийм зүйл өгөв, чи юу яриад яваад байгаа юм бэ” гэхэд Цэвээнханд гараад явсан. Хэд хоногийн дараа Цэвээнханд дахиж орж ирээд “Адьшаа ахаас танд өгнө гээд авчихсан, би эвгүй байдалд орчихлоо, уг мөнгийг авчраад өгчихье, та авчих” гээд үлдээсэн” хэмээжээ.
ШИНЭ ТӨРЛИЙН ГЭХ ЯМАР Ч ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ БАЙГААГҮЙГ ШИНЖЭЭЧИД БАТЛАВ
“Сити энержи” ХХК-ийн харьяа “Улаанбаатар мед” эмнэлэг 2015 оны нэгдүгээр сард магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлт анх гаргаж, тухайн үеийн ЭМСЯ-нд хандаж байжээ. Тус яамны холбогдох албан тушаалтнууд бичиг баримттай нь танилцахад Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг хангаагүй гэнэ. Хамгийн наад зах нь эмнэлгийн тусгай зөвшөөрөл аваад жил ч болоогүй байсан аж. Гэвч 2015 оны тавдугаар сард “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллага учраас магадлан итгэмжилж өгнө үү” гэсэн утгатай хүсэлт дахин гаргажээ. ЭМСЯ-наас тухайн үед ажлын хэсэг гарч “Улаанбаатар мед” эмнэлэгт очиж шалгасан бөгөөд тэнд багтсан албаны хүмүүс “Магадлан итгэмжлэлийн журмын 1.7-д заасан заалтыг бүрэн хангаж чадахгүй, Монгол Улсад эмчлэх боломжгүй тийм өвчнийг эмчилж байгаа зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог санхүүжилт авахын тулд “заавал магадлан итгэмжлэгдсэн байна” гээд заасан байдаг нь нөлөөлсөн байх” гэсэн бол МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын газраас томилогдсон шинжээч нар “Улаанбаатар мед” эмнэлэг нь үйл ажиллагаа явуулаад нэг жил ч болоогүй, анх удаа магадлан итгэмжлэлд орсон, ажил нь жигдрээгүй шинэ байгууллага байсан. “Улаанбаатар мед” эмнэлгийн тухайд тоног төхөөрөмж, байр байшингийн хувьд сайн байсан ч, гадаадад явж эмчлүүлэх өвчнийг Монголд эмчлэхээр болсон гэх онцгой зүйл байгаагүй. “Улаанбаатар мед” эмнэлгийн “Ультралайн” аппарат нь цахилгаан соронзон орны энергийг дулааных болгож хувирган хүний биед хаана уг энерги дутагдаж байгааг оношлон нөхөж өгөх зарчмаар ажилладаг физик эмчилгээний төхөөрөмж юм. Энэ төрлийн аппарат Монгол Улсад зөндөө байгаа” хэмээн мөрдөн байцаагчдад тайлбарласан байх юм.
“Ш.АДЬШАА АХЫН ӨГСӨН МӨНГӨӨР САЙДАД АЯГА АВХУУЛАХ САНАЛ Г.ГАНЧИМЭГ ДАРГАД ТАВЬСАН”
Эрүүл мэнд, спортын сайдын туслахаар ажиллаж байсан Я.Цэвээнханд дээрх эмнэлгийг магадлан итгэмжлүүлэх талаар хөөцөлдөж өгснөө мэдүүлжээ. Түүндээ “ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг Ш.Адьшаагийн “Улаанбаатар мед” эмнэлгийг магадлан итгэмжлэлд оруулахын тулд таван сая төгрөгийн хахууль авахад зуучилсан гэж намайг буруутгаж байгааг ойлгож байна. Түүнийг нь ч хүлээн зөвшөөрнө. Зуучилсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Би бүх зүйлийг анхнаас нь үнэн, зөвөөр мэдүүлж өөрийгөө илчилж байна. 2015 оны хоёрдугаар сард нутгийн ах Ширнэнбандийн Адьшаа “Миний үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийн асуудлыг шийдүүлэх талаар холбогдох албан тушаалтнаас гуйж шийдвэрлүүлж өгөөч” гэсэн юм. Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийн албан өрөөнд ороод “Адьшаа ахын “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийг шийдэж өгөөч” гэж гуйтал “ажиллаад байж байг” гэсэн. Түүнээс хойш магадлан итгэмжлэлийн хурал орох гэж байна гэсэн сургаар Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж гуйсан боловч “байж бай” гээд шийдэж өгөөгүй. Тэгтэл Ш.Адьшаа ах “Юу болж байна” гээд надаас асуухаар нь “Төрийн нарийн бичгийн даргаас гуйсан боловч “Жаахан байж бай” гээд байна” гэж хэлсэн. 2015 оны тавдугаар сард Ш.Адьшаа ах “Энэ дотор таван сая төгрөг байгаа. Үүнийг Төрийн нарийн бичгийн даргадаа өгчих” гэсэн. Түүнээс хойш хойш хоёр хоногийн дараа би дахин Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд ороод “Намайг уучлаарай, ийм зүйл хийдэг гэж битгий бодоорой. Адьшаа ах танд өгөөрэй гэсэн болохоор хэцүү байна та авчих л даа” гэж хэлтэл “За за лайтай юм” гэхээр нь баярлаад өрөөнөөсөө уг мөнгийг аваад Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгт өгсөн. Түүнд уг мөнгийг оруулж өгчихөөд ярьж суухад Ганчимэг дарга “Би сайдад “Баярлалаа” гэж хэлж чадахгүй яваад байна. Энэ мөнгөөр сайдад бэлэг аваад өгчихдөг юм бил үү” гэв. Тэгэхээр нь “Сайдын цай уудаг шаазан цуурчихсан. Би япон дэлгүүрээс авах гэсэн чинь 160 000-180 000 төгрөгийн үнэтэй байсан тул больсон. Та тэр шаазан аягыг аваад өгчихөөч” гэж хэлэхэд “Тэгдэг юм бил үү” гэсэн утгатай зүйл хэлсэн” хэмээн өгүүлсэн байна.
Ш.АДЬШАА: ГЭМ БУРУУГАА ОЙЛГОЖ БАЙНА, ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРУУЛЖ ӨГНӨ ҮҮ
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нарт холбогдох хэргийг шалгах явцдаа АТГ-ын мөрдөгчид өнөөгийн УИХ-ын гишүүн Ш.Адьшааг сэжигтэн, яллагдагчаар татан тайлбар, мэдүүлэг авсан байдаг юм. Түүний мэдүүлэг 15 дахь хавтаст хэргийн 226-231 дүгээр хуудсанд байна. Тэрбээр “Сити энержи” ХХК-ийн харьяа “Улаанбаатар мед” эмнэлгийг би 2013 онд байгуулж, 2014 оны зургадугаар сард эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авч ажиллаж эхэлсэн. “Улаанбаатар мед” эмнэлэг тусгай зөвшөөрөл аваад хоёр жил болоогүй байсан. Гэхдээ “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийг эмчлэх эрүүл мэндийн байгууллага хоёр жилийн хугацаанаас өмнө хүсэлт гаргаж болно” гэж заасныг үндэслэн магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлт өгснөөс хойш нэлээд удаан хугацаа өнгөрсөн тул Цэвээнхандаас юу болж байгааг лавлалаа. Гэтэл “Байж бай” гээд байсан учраас “гарыг нь хүндрүүлж байж” магадлан итгэмжлэлээ хурдан гаргуулахаас өөр замгүй юм байна гэж бодсон. Бизнес хийж байгаа хүний хувьд магадлан итгэмжлэл хурдан гарах нь цаг хугацааны хувьд надад ашигтай. Магадлан итгэмжлэгдсэн байна гэдэг нь нэр төрийн хэрэг учир бизнесийн үйл ажиллагаанд чухлаар нөлөөлнө. Би өөрийнхөө гэм буруутайг ойлгосон. Эрүүгийн хуулийн 269.1-д заасныг ойлгож, хээл хахууль өгсөн гэсэн зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг санал, хүсэлт байхгүй. “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийн асуудлыг бүтээх зорилгоор хариуцсан хүнд нь таван сая төгрөг өгсөн. Гэм буруугаа ойлгож байна, миний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж шийдэж өгнө үү. Миний хувьд гэм буруугийн асуудлаар ямар нэг маргаан байхгүй” гэжээ. Ийнхүү тэрбээр хээл хахуулийн удаах хэрэгтээ хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа