Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын дарга асан, бэлтгэл хурандаа Н.Уламбаярт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Түүнд холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг нээн шалгасан бөгөөд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тэрбээр НОБГ-ын дарга байхдаа 2016 онд нийслэлийн төсвийн 340 сая төгрөгийн хөрөнгөөр ой, хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин худалдан авах тендерт хамаарал бүхий аж ахуйн нэгжээ шалгаруулж албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн тендерт нь Я.Эрдэнэбилэг захиралтай “Тэнгэрийн давлагаа” гэх компани шалгарч, БНСУ-аас “Hanseo precision industry” компанид үйлдвэрлэсэн, уулын түймэр унтраах зориулалттай хоёр автомашин нийлүүлэхээр гэрээ байгуулсан юм. Шалгалтаар дээрх “Тэнгэрийн давлагаа” ХХК-ийг Н.Уламбаяр үүсгэн байгуулж, захирлаар нь найзыгаа томилж, тендерт шалгаруулсан нь тогтоогдсон гэдэг. Тэрбээр цэргийн тэтгэвэртээ гараад өдгөө гадаад худалдаа, галын машин механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрийн давлагаа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
Шүүх хурлын явцад улсын яллагч, НПГ-ын хяналтын прокурор Б.Батсайханы “Та албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу” гэсэн асуултад шүүгдэгч Н.Уламбаяр “Би зарим зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Найз нартайгаа нийлж компани байгуулсан. Тус компани тендерт оролцсон” хэмээн мэдүүлж байсан юм. Гэвч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хэлэлцсэн хурлаас НОБГ-ын дарга асан Н.Уламбаярт холбогдох хэргийг дахин шалгуулахаар шийдвэрлэлээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа