Уран гэхээр л Дорноговь аймгийн Улаанбадрах сум, мутацад орсон мал санаанд нь буудаг хүмүүс олон байж мэднэ. “Автомашинтай жагсаал хөдөлгөөн”-ий тэргүүн, физикч Б.Цэгмэд өнгөрсөн оны намар мутацад орсон малын жишээ болгон, зургаан хөлтэй хоёр ямаа харуулж төвчигнөсөн. Тэрбээр “Бадрах энержи” компани газрын гүнд хүхрийн хүчил хийж, уран олборлосноор мал мутацад орж байна гэсэн тайлбарыг хэвлэл мэдээллийнхэнд өгч байлаа.
“Коже говь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийж, Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордын нөөцийг тогтоосон. Тус компани тэнд 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Улмаар хамтарсан “Бадрах энержи” компани байгуулан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, уран олборлох бэлтгэлээ хангаж буй. Гэвч одоогоор туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлээгүй байна. Үйлдвэрлэл эхлүүлэх зөвшөөрлийг нь Засгийн газар өгөх учиртай. Товчхондоо, олборлолтоо эхлүүлээгүй гэж ойлгож болно.
Нэг ямаа мутацад орсон юм байж. Тэгвэл сүрэг нь яагаад мутацад ордоггүй юм бэ. Адилхан агаараар амьсгалж, өвс ургамал идэж, ус ууж байгаа биз дээ. Мал мутацад орж байгаа бол амьтан яагаад зүгээр байна вэ. Цаашлаад хүн яагаад мутаци ордоггүй юм бэ гэсэн асуулт ургана. Үнэхээр цацраг идэвхт бодис тархсан, хүхрийн хүчил худаг усанд нь нэвчсэн бол амьтай бүхэн хордож таарна. Гэтэл хоёр ямаанаас бусад нь зүгээр байгааг юу гэж ойлгох вэ.
Монгол Улс 70 сая малтай. Манай орны хаана ч найман хөлтэй, хоёр толгойтой мал гарах тохиолдол бишгүй. Ургийн гажигтай төл гарах ийм тохиолдол байдгийг малчин бүр мэднэ. Улаанбадрах суманд мал хорогдох, элдэв согогтой төл гарах бүрт л уранаас хордсон гэж дэвэргэдэг гэм бий. Хөрс, ус бохирдвол нэгийг онцлоод, нөгөөдүүлийг нь хордуулахгүй үлдээхгүй гэдгийг энгийн ухамсрын түвшинд хэн ч ойлгох биз. Шулуухан хэлэхэд, өөрсдийгөө тэмцэгч гэж нэрлэдэг, ард нь ашиг хонжоо хайж явдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, тэдний явуулгад автдаг малчид бусдын санааг гүйцэлдүүлэх гэж гүйдгээ болих хэрэгтэй.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2011 оны наймдугаар сард Дулаан-Уул ордын нөөцийг 6 260, 2013 оны гуравдугаар сард Зөөвч-Овоогийн нөөцийг 54 640 тонн хүдэр байна гэж баталсан. Энэ үеэс л Улаанбадрах сумын нутагт уран мал хорогдуулж байна гэсэн хэл ам гарах болсон нь сонирхолтой давхцал юм. Бараг ийм хэл ам зохиомлоор гаргах болсон гэж хэлбэл зохино. Тодруулбал, Улаанбадрах сумын Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн 20 тугал, саахалт айлынх нь хоёр тугал 2012 оны арванхоёрдугаар сард үхсэнээр “Улаанбадрахын ураны хордлого” гэх явуулга үе үе сэдрэх болсон. Тухайн үед малчин Д.Норсүрэнгийн тугалууд тэжээлээс хордсон болохыг тогтоосон билээ. Түүнээс хойш уранд хордсон малаас хоёр толгойтой тугал, найман хөлтэй ишиг төрсөн гэх “домог” хэдэн ч удаа сонссон юм, бүү мэд. Тэр нутгийн газрын гүнд ураны агууламж өмнө ч байсан. Тэгээд нөөцийг нь тогтоонгуут мал хордоод эхэлсэн нь ямар учиртай вэ.
“Гарьд магнай” кинонд Хүрээний лам банди нар Далайцэрэн, Удвал хоёрыг чулуугаар нүүлгэдэг. Хэдэн морьтон ирж банди нарыг хөөж явуулаад Далайцэрэнгээс “Дэгжих сүрт гарьд магнай заан дэггүй банди нарын дургүйг яагаад хүргэв” гэж асуудаг. “Харин л дээ” гэж хариулахад нь “Энэ ч дээрээс шидсэн чулуу байх аа” гэлцэн инээлдээд, ергөж оддог. “Улаанбадрахын ураны хордлого” хэмээх муухан тавилттай жүжиг нэлээн дээрээс шидсэн чулуу байх даа. Тусдаа том сэдэв болох энэ асуудлыг түр орхиод түүхийн хуудас сөхөж үзье.
Монгол Улс Дорноговиос л анх удаа уран олборлох гээд дуншаад байгаа хэрэг биш. Гучин жилийн өмнө уран олборлож байсан түүх бий. “БНМАУ-ын нутгийн дорнод хэсэгт ураны эрэл хайгуулын ажлыг хамтран явуулах тухай” БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1970 оны зургадугаар сарын 9-нд байгуулсан байдаг. Хэлэлцээрийн дагуу 1973 онд Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын нутагт Дорнод, 1974 онд Гурванбулаг, 1979 онд Мардайн ураны ордыг илрүүлсэн. Улмаар эдгээр бүлэг ордыг ашиглахаар 1981 онд уулын “Эрдэс” үйлдвэрийг байгуулсан түүхтэй. Энэ нь монголчуудын Мардай хэмээдэг уурхайчдын суурин юм.
“Эрдэс” үйлдвэр нь Мардайн ордоос 1988-1995 онд ураны 490.6 мянган тонн хүдэр олборлож, ОХУ-ын Чита мужийн Краснокаменскийн гидрометаллургийн үйлдвэрт хүргэн боловсруулж байжээ.
Уг ордын ураныг ил аргаар олборлож байсан. Нүүрс яаж олборлодог билээ, түүн шиг гэсэн үг. Гэтэл яагаад тухайн үед цацраг идэвхт бодис тархаж хүн, мал хордоогүй юм бэ. Өдгөө дээрх ордуудын ураны нөөц хэвээр бий. Тэгвэл яагаад Дашбалбар, Баяндун сумын хүн зон, мал нь уранд хордож мутацад орж байна гэж “орилолдохгүй” байна вэ. Өнөөгийн зарим хүн ураныг олборлоод эхлүүлэнгүүт л хавь ойрыг нь хордуулаад эхэлдэг гэж төсөөлж байх шиг. Ураныг олборлож, боловсруулахдаа стандарт, норм дүрмийг нь ягштал баримталж, хянамгай хандах учиртай нь үнэн. Гэхдээ уран олборлонгуут гай гамшиг нүүрлэдэг гэж ойлговол том эндүүрэл болно.
Дэлхийн 20 орчим улс уран олборлож, боловсруулж, цөмийн түлш үйлдвэрлэж байна. Хэдэн зуун цөмийн реактор эрчим хүч үйлдвэрлэж байна. Улс орнууд цөмийн реактор нэмж барьсаар байна. Ингээд төсөөлөхөөр эрхгүй нэгийг бодогдуулах биз. Уран олборлож байсан түүх бидэнд бэлхнээ бий. Бусад нь олборлоод болоод байхад Монгол Улс яагаад болохгүй гэж. Энэ удаад ил уурхайгаар биш, газрын гүнд уусган олборлох гэх орчин цагийн дэвшилт аргаар олборлоно.
Нийтлэлч Б.Цэнддоо “Ураан”-ы хотхон Мардай руу нэвтэрсэн минь” гэсэн дурсамж тэмдэглэл саяхан бичсэн. Угтаа энэ нь “Эрдэс” хотхоноор зорчсон тэмдэглэл юм. Тэрбээр уурхайчдын “Эрдэс” хотхонд очиж, орос айлд хоол ундаар дайлуулж, орос дэлгүүрээс жийнс худалдан авч төвөргөж явжээ. Тэмдэглэлээ “Мардайн Эрдэс хотхоны орос дэлгүүрээс авсан жийнс, шинэхэн цамцаар гангарсаар ажилдаа очиж байсан тэр өдрөөс гуч гаруй жил өнгөрчээ. Ураны ил уурхайтай нутагт эрүүлжин таргалж байсан БНМАУ-ын монгол мал сүрэг өнөөдөр Дорноговьд ердөө ураны хайгуул хийхээр л мөч, толгой нь салаалаад байгаа гэх мэдээлэл, түүнийг эсэргүүцсэн жагсаал зэргийг гайхан харж суудаг даа…Үнэн хэрэгтээ уранаа баруунхантай хамтран ашиглах гэсэн монголчуудын сонирхол, Монголын ураныг Өрнөдтэй хуваалцалгүй үлдээх гэсэн хөрш орны бодлого хоёрын мөргөлдөөнд л хүн, малгүй хордож байгаа нь тэр санагддаг. Нээрэн би, фельетон бичдэг болсон нь тэр жил Мардай орохдоо мутацлагдсаны шинж байж болох уу” гэжээ. Ёжтой хүн шүү.
Тийм ээ, Дорноговийн ганц нэг мал л уранд хүчтэй хордчихоод байгаа гэх. Иргэдийг төөрөгдүүлж, эсэргүүцэлд дуудсан иймэрхүү оролдлого гарах болсон цагаас хойш Засгийн газраас дөрвөн удаа ажлын хэсэг гаргаж, цацраг идэвхт бодисын хэмжээ зохих түвшнээс их байна уу, мал уранаас хордоод байна уу гэдгийг шинжилсэн. Ажлын хэсэг бүр нөхцөл байдал, байгалийн жамаараа хэвийн байгааг тогтоосон дүгнэлт гаргасан байдаг. Хамгийн сүүлд 63 гишүүнтэй том ажлын хэсэг гаргаж, өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд шинжилгээний дүгнэлтээ танилцуулсан. Энэ талаар ажлын хэсгийнхэн “Улаанбадрах сумын нутаг дахь тус бүсэд эрдэсжсэн уран их байдаг. Тиймээс ураны цацрагийн хэмжээ зарим цэгт их. Гэвч тэр цэгээс 10-100 метр зайд цацраг нь байгалийн, энгийн хэмжээндээ очиж буурдаг. Иймээс иргэд, малын эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ зарим булгийн усыг унданд удаан хэрэглэх нь эрсдэлтэй тул цэвэршүүлэх шаардлагатай. Улаанбадрах, Зүүнбаян сумын өвчлөлийн хэмжээ бусад аймгийн дундажтай адил байна. Цацраг идэвхт бодисын хордлогод өртсөн тохиолдол илрээгүй” хэмээн мэдэгдсэн юм. Үүгээр зогсохгүй Засгийн газартаа итгээгүй Дорноговийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн шаардлагын дагуу өнгөрсөн оны есдүгээр сард Канадын нэр хүнд бүхий “Stantec” компанийг урьж, хөндлөнгийн шинжилгээ хийлгэсэн. Мөн л цацраг идэвх бодис тархалт хэвийн хэмжээнд байна гэсэн дүгнэлт хийсэн юм.
Ургийн гажигтай буюу зургаан хөлтэй ямаа харуулж төвчигнөсөн мөнөөх Б.Цэгмэд “Дефакто мэтгэлцээн” нэвтрүүлэгт оролцож, “Мон-Атом” компанийн дэд захирал З.Дамдинсүрэнтэй мэтгэлцсэн. Уг нь хоёр физикч мэтгэлцсэн ч З.Дамдинсүрэн шинжлэх ухааны судалгаа, нотолгоотой баримт, дэлхийн чиг хандлагыг бодитой тодорхойлсон мэдээллүүдээр Б.Цэгмэдийн гаргасан гүжирмэг гэмээр дүгнэлт, буруу ойлголтуудыг залруулж, давамгайлсан билээ. Ухвар мөчид мэдээлэлд суурилсан буруу зорилготой хийрхлийг шинжлэх ухааны үндэслэл ялах нь ойлгомжтой. Хэрэв сонирхохыг хүсвэл jargaldefacto.com цахим хуудаснаас уг мэтгэлцээнийг үзэж болно. Мэтгэлцээний төгсгөлд З.Дамдинсүрэн шилэн савтай ураны шар нунтаг гаргаж ирээд, багажаар хэмжиж үзүүлсэн юм. Гэтэл цацрагийн идэвх нь хэвийн нөхцөлөөс бага зэрэг нэмэгдэж байв. Энэ бодит үйлдлээрээ тэрбээр ураныг ил гаргангуут л хавь ойрыг хордуулаад эхэлдэг гэсэн ойлголтыг няцаасан.
Монголын хэсэг сэтгүүлч Казахстан улсын “Катко” компани уран хэрхэн олборлож буйтай дамжлага бүрээр нь танилцаж, “хатаахаар” зулсан шар нунтгийн шилэн хоргоных нь салхивчийг нээн бодитоор харсан удаа бий. Шар нунтаг гээч зүйлийг барьж үзэх шахсан бид мутацлагдаагүй байхад Б.Цэнддоо нийтлэлч цоо эрүүл нь ойлгомжтой. Ураныг газрын гүнд уусган олборлож буй талбайд тэмээн сүрэг бэлчээрлэж байдаг юм билээ.
Үргэлжлэл бий