Зэвсэгт хүчний алба хаагчид ойрын өдрүүдэд хэд хэдэн газраас тэсрэх бөмбөг илрүүлж, ард иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь учирч болзошгүй эрсдлээс авран хамгааллаа. Тухайлбал, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлгийнхэн нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нэгэн айлын хашаанаас илэрсэн “ПАБ-150” байлдааны онгоцны бөмбөгийг аюулгүйгээр тээвэрлэн, тусгай бэлтгэсэн газар оронд аваачиж, тэсэлж устгасан юм. Тус "ПАБ-150" тэсрэх бөмбөгийн хөнөөлийн радиус нь нэг км бөгөөд энэ тойргийн хэмжээнд байгаа хүн, мал амьтан, байшин барилгыг бүрэн устгах чадвартай гэсэн үг юм. Үүнээс гадна хэд хоногийн өмнө тус бүлгийнхэн Говьсүмбэр аймагт ажиллаж, тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэглэлийг илрүүлж аюулгүй болгосон билээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Аяганы хонхор" хэмээх газраас 100 мм-ийн сумны хошуу 25, сургуулийн зориулалттай 115 мм-ийн сум 14, 125 мм-ийн сум 5, нийт 44 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгажээ.
Мөн өнгөрсөн сард ч тус аймгийн нутгаас байлдааны зориулалттай 82 мм-ийн мина дөрөв, ПОМ3-2 явган цэрэг эсэргүүцэх мина нэг, 73 мм болон 85 мм-ийн их бууны сумны хошуу нэг, 14,5 мм-ийн галт хэрэглэлийн сум нэг, сургуулийн зориулалттай 115 мм-ийн “Т-55” танкийн сум зургаа, 125 мм-ийн сум таван ширхгийг эрэл хайгуулаар илрүүлж аюулгүй болгосон юм. Говьсүмбэр аймагт орос цэргийн анги байрлаж байсан учраас тэсрэх бөмбөг, сумны хошуу, сум ихээр илэрдэг байна.