Өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүйгээр дөрвөн хүн амиа алджээ. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийнхний мэдээлснээр зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр иргэн нас барсан бол нийслэлд долоон хүн гэмтсэн байна. Тухайлбал, энэ сарын 8-ны 12.00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт мотоцикл унаж явсан иргэн осолдож амиа алдсан бол тавдугаар сарын 9-нд Төв аймгийн Жаргалант сумд “Соната-7” загварын автомашин онхолдож, зорчигч нь газар дээрээ нас баржээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хуст арал гэдэг газарт хүн машинд дарагдсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад ням гаргийн 13.10 цагийн үед ирсэн гэнэ. Ослын газарт аврагчид очиход “Хотгор зам” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, автозамын гадаргууг тэгшлэх, хусах зориулалттай грейдерээр оператор С ухарч байхдаа туслах ажилчин залууг мөргөж, амийг нь хохироосон байна.
Зам тээврийн ослоос гадна эцэг эхийн болгоомжгүй үйлдэл, хэнэггүй байдлаас болж хүүхэд амиа алдсан тохиолдол ч гарсан байна. Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумд зургаан настай хүү нэг тоннын багтаамжтай усны саванд дарагдан амиа алдсан хэргийг Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж буй аж.
Хүүхдүүдийн хичээл амарч, урин дулааны улирал ирсэн учраас гадаа тоглох нь ихэссэн. Мөн зам, барилгын ажлууд ид өрнөж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, зам, барилгын үйл ажиллагаанд оролцож буй иргэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэглэмээ баримтлах, тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдаа тохируулан явахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.