Хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг фэйсбүүкээр дамжуулан олон нийтэд тараасан иргэн эрүүгийн хариуцлага хүлээжээ. Дээрх хэрэг 2021 оны нэгдүгээр сард гарсан байна. Тодруулбал, иргэн Г нь нөхөрөө иргэн Ц-тэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байна гэж хардсаны улмаас Ц-ийн гар утасны дугаарыг цахим орчинд тавьж “Санхүү авна, дуудлагаар үйлчилнэ, царайлаг бүсгүй байна” гэсэн зарыг байршуулж олон нийтэд тараан, нэр төрд нь халдсан ажээ.
Хан-Уул дүүгийн прокурорын газраас иргэн Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Эрүүгийн хуульд Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.