Коронавирусийн эсрэг эмчилгээнд “Мана-4”, “Норов-7” тан үр дүнтэй гэсэн мэдээллийг холбогдох байгууллагын мэргэжилтэн, эмч нар олонтоо өгсөн. ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр ч энэ тухай цөөнгүй ярьсан байдаг. Ингэснээр уг хоёр төрлийн тан эрэлттэй бүтээгдэхүүн болж хувирчээ. Өмнө нь эмийн сангийн шилэн хоргонд үзмэр мэт тунаж үлддэг байсан бол одоо хамгийн борлуулалттай бүтээгдэхүүнээр “шалгарчээ”. Үйлдвэрээс ирсэн өдөртөө “шуураад” дуусдаг гэнэ. “Буянт асгат хайрхан” эмийн сангийнхан “Хүртээмжтэй байлгах үүднээс нэг хүнд гурваас дээш хайрцгийг өгдөггүй. Эмчийн жор, зөвлөгөөний дагуу хэрэглэх гэж байгаа, эсэхийг нь заавал нягталдаг. Ачаалал бага, завтай үед тантай холбоотой зөвлөгөө, мэдээллийг үйлчлүүлэгчдэд чадахаараа өгч байна” гэв.
“Армон”, “Одь тан”, “Монг-Эм” зэрэг албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрээс гадна уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд энэхүү танг эмийн сангуудад нийлүүлдэг аж. Эдгээр газраас нийлүүлсэн бүтээгдэхүүний танилцуулга, мэдээлэлд “Бэлдмэлийг зөвхөн жороор олгож, эмчийн заавраар хэрэглэнэ” гэсэн анхааруулга бий учраас эмийн сангийнхан борлуулахдаа хянамгай ханддаг гэнэ. Гэвч цар тахлаар далимдуулан ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс тус бүтээгдэхүүнийг ямар ч хяналт, жоргүйгээр цахим сүлжээ ашиглан, борлуулах боллоо. Үйлдвэрийн тан хайрцагтаа 10-15 ширхэг (тун)-тэй бөгөөд эмийн санд 4000- 4500 төгрөгийн үнэтэй. Харин хувиараа “бизнес эрхлэгч” иргэд 6000-8000 төгрөгөөр шаглан зарж байна. Хүргэлтийн төлбөрийг нь тооцвол нэг хайрцгийг дунджаар 9000-11 000 төгрөгөөр худалдаж байгаа юм. Түүнчлэн зарим нь цагаан цаасанд боосон “юм”-ыг тан хэмээн худалдсан тохиолдол ч бий.
Энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт өссөнтэй холбоотойгоор тан авна, худалдана гэсэн зар цахим сүлжээнд олшров. Тэр ч бүү хэл, “Мана-4”, “Норов-7” захиалга, хүргэлт”, “Мана, Норов хүргэлт”, “Тан хэрэглээ, захиалга” гэсэн хэдэн мянган гишүүнтэй фэйсбүүкийн бүлгэм бий болжээ. Эдгээр бүлгэмд зар оруулсан дурын нэг утасны дугаарт залгаж, гурван хайрцаг тан захиаллаа. Дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа бүтээгдэхүүнийг хүргэж ирэв. “Ар мон” эмийн үйлдвэрийн тэмдэг, улсын бүртгэлийн дугаартай хайрцагт “Норов-7”, “Мана-4”-ийг тав, таваар нь хольж хийжээ. Уг нь үйлдвэрлэгчид энэ хоёр танг тусад нь савладаг бөгөөд бүтээгдэхүүний хайрцаг лацтай байдаг. Шагчид үүнийг дураараа өөрчилжээ. Хүргэж ирсэн залуугийн амыг чангааж, цөөн зүйл асуув.
-Яагаад лацгүй байгаа юм бэ?
-Лацтай байсан. Өөрөө хэрэглэх гэж “жоорлосноо” танд зарчихлаа.
-Хайрцагт байгаа танг “Норов-7”, “Мана-4” гэдгийг яаж батлах вэ?
-Мөн мөн. Юу гэж худлаа хэлэх вэ дээ. Задалдаггүй байж, тэр буруудлаа.
-Та тангаа хаанаас авдаг вэ?
-Эмийн сангаас.
-Олон ширхгийг авмаар байна. Олдох уу?
-Тэр хэцүү. “Норов-7” бүр ховордсон.
-Хориглох заалт бий юү?
-Гайгүй юм шиг байна лээ. Дархлаа дэмждэг гэсэн шүү дээ.
Хүргэж ирсэн залуу асуултад ийнхүү хариулаад, бушуухан явлаа.
Найрлагад нь лидэр, гандигар, цагаан гаа, мана ордог учраас эдгээр ургамлын харшилтай, эсвэл хэт мэдрэг хүн “Мана-4”-ийг хэрэглэхийг хориглодог. Гэвч “шагчин” залуу “Гайгүй юм шиг байна лээ” хэмээн хээвнэг хариулав. Тэрбээр гурван хайрцаг танг 21000 төгрөгөөр худалдсан бөгөөд хүргэлтийн төлбөрт 3000-ыг нэмж авсан юм. Эмийн сангаас ийм хэмжээний танг 13500 төгрөгөөр авах боломжтой.
Ямар ч хайрцаг, савгүй, цаасанд боосон нунтаг зүйлийг тан хэмээн итгүүлж, худалддаг нэгэн гэр бүл байна. Тэд фэйсбүүкийн бүлгэмүүдэд байнга зар, мэдээлэл оруулж, “тангаа” сурталчилдаг аж. Эхэндээ утасны дугаараа ил тод тавьж, захиалга авдаг байснаа сүүлдээ больжээ. “Найдвартай юу”, “Хаанахынх вэ”, “Зөвшөөрөлтэй юү” гэж шалгаах, “Яагаад ийм баталгаагүй бүтээгдэхүүн худалдаж байгаа юм бэ” хэмээн шүүмжлэх иргэдээс болгоомжилсондоо “Хүргэлттэй тул утсаа үлдээнэ үү. Бид холбогдъё” гэх болжээ. Тэднээс тан авсан нэгэн бүсгүй “Фэйсбүүкээс тантай холбоотой мэдээлэл хайхаар л тэдний оруулсан зар гарч ирдэг. Хүргэлт шуурхай гэхээр нь, бас хямдыг нь бодоод дөрвөн уутыг авсан. Нэг удаа уух хэмжээгээр нь жижиг цаасанд боож, 10, 10 ширхгээр гялгар уутанд хийсэн байсан. Уутан дээр тангийн нэр, хэрэглэх заавартай бичиг нааснаас өөр ямар нэг мэдээлэл байгаагүй. Гэр бүлийн хүн маань “Баталгаагүй, буух эзэнгүй зүйл авлаа. Битгий уу” гэж хориглоод, одоо болтол хэрэглээгүй” гэв.
Тэр бүсгүй нөгөөх “наймаачин” гэр бүлтэй холбогдох утасны дугаар өгөв. 851959…. дугаар руу залгаж, тан авах хүсэлтэйгээ хэлэхэд “Дууссан. Зарахаа больсон” гээд үгийн солиогүй утсаа тасалчихав. Өөр дугаараас хэдэнтээ залгаад авсангүй. Тэд дээрх хоёр тангийн тус бүр 10, нийт 20 тунг 10 мянган төгрөгөөр борлуулдаг байжээ. Хямд учраас үйлчлүүлэгч олонтой байж. Уламжлалт аргаар, “ориг” түүхий эдээр гардан хийсэн гэж сурталчилдаг гэнэ. Гэвч жирийн иргэд үүнийг таних, мэдэх боломжгүй.
Иргэд гарал үүсэл нь тодорхойгүй тан худалдан авч хохирох, буруу хэрэглэх тохиолдол сүүлийн үед олон гарч байгааг “Сумади” эмнэлгийн их эмч Р.Цолмон хэллээ. Тэрбээр “Уламжлалт анагаах ухааны эм танг “Ковид-19”-ийн эмчилгээнд ашиглаж, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа нь сайшаалтай ч дур мэдэн уух, мэргэжлийн эмч, эмнэлэг, эмийн сангаас бус, хувь хүмүүсээс гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авах тохиолдол цөөнгүй гарлаа. Тухайлбал, хоёр танг нийлүүлэн буцалгаж ууснаас, өдөрт олон тунгаар хэрэглэснээс болоод өвчнөө хүндрүүлсэн жишээ олон. Эдгээр тангийн ерөнхий үйлдэл буюу чадал нь халдварт халуун өвчнийг бууруулж, дарах үйлчилгээтэй бөгөөд “Мана-4”-д үрийн гурван танг нэмсэнээр “Норов-7” бий болдог. Иймд ижил төстэй үйлчилгээтэй танг их хэмжээгээр уух, эсвэл нэг дор хэрэглэх зохимжгүй. Харин аль нэгийг нь “Сороол-7”, “Зэмбэ-5”, “Динман-4”, “Лидэр-7”, “Зово-25” зэрэг бусад тантай хоршуулан, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зааврын дагуу хэрэглэвэл тохиромжтой. Уламжлалт анагаах ухааны тан хоруу чанар багатай ч ямар ч эм бэлдмэлийг хэтрүүлэн, их тунгаар хэрэглэх нь эрсдэл дагуулдаг” хэмээн ярилаа. Хэрхэн хэрэглэх, хаанаас авбал найдвартай зэрэг тантай холбоотой олон арван асуулт түүнд өдөр болгон ирдэг аж.
Эмч, мэргэжилтнүүд, коронавирусээр өвчилсөн хүмүүс эдгээр танг эмчилгээнд хэрэглэснээ, хэрэглэж буйгаа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх болсон нь бусдад ихээхэн “найдвар” төрүүлж, эрэлт үүсгэжээ. Нөгөөтээгүүр, дамлан зардаг, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалддаг хүмүүст үнэгүй маркетинг хийж өгчээ. Эмийн буруу хэрэглээ, хяналтгүй худалдаанаас болж иргэд эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй нөхцөл үүсээд байна. “Норов-7”, “Мана- 4”-ийг эмчилгээнд ашиглах шийдвэрийг ямар судалгаа шинжилгээнд үндэслэн хэн гаргасан, үр дүн хэр байгаа талаар ХӨСҮТ-ийнхнөөс асуухад “Эмчилгээнд ашиглаж байгаа нь үнэн. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Энэ асуудалд хэн хяналт тавих ёстой, мэргэжлийн байгууллагын хувьд хэрхэн анхаарч байгааг ЭМЯ-наас лавлахад “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар үүнийг хариуцдаг” хэмээсэн юм. Харин байгуулагдаад ганц жил ч болоогүй тус газрынхан “Бид вирусийн эсрэг үйлчилгээтэй импортын эм бэлдмэлийн хэрэглээг л хянаж, зохицуулдаг. Бидний мэдэх асуудал биш” гэлээ.
Албан ёсны зөвшөөрөлтэй эмийн үйлдвэр, эмнэлгийнх биш л бол өөр газраас тан авах хэрэггүй, үүнээс үүдэлтэй хохирлыг хариуцах эзэн үгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудын байр суурь ийхүү илэрхийлж байна. Эмийг зараар биш, жороор хэрэглэж хэвшье.