Прокурорын тухай хууль болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар бичсэн прокурорын мэдэгдлийг хүлээн авсан аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан холбогдох арга хэмжээг авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй гэж заасан байдаг.
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Дорноговь аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар гурав, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар долоон мэдэгдэл бичсэн бөгөөд дийлэнх нь төрийн байгууллагад бичсэн мэдэгдэл байна. Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчилд аймаг, сумын онцгой комиссын шийдвэрээр томилогдон ажиллаж байгаа алба хаагчдын хариуцлагагүй байдал нөлөөлсөн талаар аймгийн Онцгой комисст анхааруулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчилд иргэдийн дунд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил хангалтгүй, согтууруулах ундаа ихээр хэрэглэж байгаа байдал нөлөөлсөн талаар Хөвсгөл сумын II багийн Засаг даргад, Эрүүгийн хуульд заасан бага насны хүүхдийн эсрэг Хүчиндэх гэмт хэрэгт хамтарсан багийн үйл ажиллагаа хангалтгүй, хуулиар хүлээсэн үүргээ зохих түвшинд хэрэгжүүлж ажиллаагүй нь нөлөөлсөн талаар Сайншанд, Мандах сумдын Засаг дарга нарт мэдэгдэл бичиж хүргүүлсэн ба тухайн байгууллагуудаас холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Тус аймгийн прокурорын газраас цаашид прокурорын мэдэгдлийн мөрөөр хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг газар дээр нь очиж танилцан, үр дүнг тооцож ажиллахаар болсон байна.