2021 он гарсаар эхний дөрвөн сард цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 7842 гэмт хэрэг бүртгэсэн бөгөөд үүний 6813 нь хөнгөн, 1029 нь хүнд хэрэг аж. Эдгээр хэрэгт 4693 хүн холбогджээ. Тэдний 696 нь эмэгтэй. Судалгаагаар гэмт хэрэгтнүүд даваа, мягмар гарагт гэмт үйлдлээ хийхээр "ичээнээсээ" гардаг. Мөн тэд голчлон 22.00-06.00 цагын хооронд гэмт хэрэг үйлджээ. Гэмт үйлдлийн улмаас 7461 хүн хохирсон бөгөөд олонх нь гэр хороололд амьдардаг аж. Хохирогчдын цөөнгүй нь оюутан залуус, сурагч, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсад гэнэ. Он гарсаар эхний дөрвөн сард гэмт хэргийн улмаас 54803.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь 2020 оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм байна.