Орхон аймгийн Жаргалант сумын нутгаас дөрвөн айлын адуу хулгайлж, Булган аймгийн Орхон сумын Хужирбулан гэх газарт аваачин нядалж, толгой шийрийг нь шатааж, гэдсийг нь голд хаясан хэргийг тус аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж дуусжээ. Морио дээдэлдэг монгол хүний санаанд багтамгүй аргаар гэмт хэргийн ул мөрөө баллаж байсан талаар хохирогч Х.Э олон нийтийн сүлжээнд зургийг нь нийтэлж, халагласныг хүмүүс санаж буй нь лавтай. Өмнө нь мал хулгайлж гурван удаа, эд хөрөнгө хулгайлсан хэрэгт нэг бус удаа ял шийтгүүлж байсан Э.Бархүү гэх эр толгойлон, С.Баянмөнх, Ж.Батдорж, Ч.Мэндбаяр нарын хамтаар уг хэргийг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоод буй гэнэ. Тэд иргэн Х.Э-ын Сүхбаатар аймгийн угшилтай хөх саарал азаргатай, дунд нь эцэг өвгөдөөс нь дамжиж ирсэн хурдан удмын морьд багтсан 20 морь, таван гүү, хоёр даага, гурван унага, нэг байдас, иргэн Б, Ц, Д нарын дөрвөн морийг хулгайлж, нийт 44.4 сая төгрөгийн хохирол учруулсан аж. Адуу хулгайлж, махыг нь зарснаа хэргийн холбогдогч хүлээсэн гэнэ. Орхон аймгийн Цагдаагийн газраас Э.Бархүү, С.Баянмөнх, Ж.Батдорж, Ч.Мэндбаяр нарыг Эрүүгийн хуулийн 17.12-2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглаж бүлэглэн хулгайлсан, 18.6-1 дэх хэсэг дэх мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй юм билээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгаж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн Орхон аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлсэн байна.