-Тоормос ажиллахгүй байгааг холбогдох албан тушаалтнууддаа хэлсэн ч үл ойшоожээ-
Нийтийн тээврийн “Тэнүүн огоо” компанийнхан зорчигч тээврийн үйлчилгээнд бүрэн бус автобус гаргаснаас осолдож, жолооч нь хүнд гэмтсэн хэрэг олны анхааралд байна. 2020 оны зургадугаар сарын 8-нд энэ явдал болсон ч бүтэн жил шахмын хугацаа өнгөрөхөд хэргийг эцэслэн шийдвэрлэсэнгүй. Мөрдөн шалгах явцад “Тэнүүн огоо” компанийнхны буруутай үйлдэл тогтоогдсоныг прокурорын байгууллагын эх сурвалжууд хэлж байгаа юм. Тус компанийн эзэмшлийн “Daewoo BS-106” загварын 23-43 УНМ улсын дугаартай автобус 2020 оны зургадугаар сарын 8-ны 23.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Шадавлингийн замд гэнэт тоормосгүй болжээ. Улмаар хөдөлгөөнд оролцож байсан “Лексус RX” загварын автомашин болон хоёр айлын хашаа, байшинг мөргөөд жалга руу орж зогссон байна. Ийнхүү осолдсоны улмаас жолооч Э.Буянхишиг гэдэг эмэгтэй хүнд гэмтэж ГССҮТ-д яаралтай тусламжийн автомашинаар хүргүүлсэн гэнэ. ТЦА-ныхан уг ослыг шалгаад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Харин прокурорын эл шийдвэрийг эсэргүүцсэн жолооч эмэгтэйн ар гэрийнхэн дээд шатных нь буюу Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргаснаар дээрх ослын хэргийг сэргээн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхнээр шалгуулахаар шилжүүлсэн аж. Жолооч Э.Буянхишигийг 2020 оны зургадугаар сарын 8-ны өглөө ажилдаа ирэхэд нь “Тэнүүн огоо” ХХК-ийнхан согтуурлын зэрэг тодорхойлох багажаар архи уусан, эсэхийг шалгаад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Улмаар тус компанийн Дамбадаржаа дахь баазын гараашийн үүднээс автобусаа хөдөлгөх гэтэл тоормос нь ажиллахгүй, хийгүй болоод байж. Тиймээс шалгагч механик Г.Лхагвасүрэнгээр нягтлуулж, уян хоолой (шланг) нь задарсныг солиулсан юм байна. Гэвч өмнөхөөсөө төдийлөн дээрдээгүй тул засварын инженер Д.Гонгорхүүд хандаж дахин шалгуулах хүсэлт тавьжээ. Гэтэл уг инженер нь үл ойшоож “Хурдан гарч тойрогтоо ор, ажлаас зугтаж хойш суух гэлээ” хэмээгээд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобусын тоормосны бүрэн бүтэн байдлыг шалгалгүй явуулсан байгаа юм. Ийнхүү бүрэн бус техникийг “Тэнүүн огоо” ХХК-ийнхан үйлчилгээнд гаргаснаар үдэш нь осолдож, жолооч Э.Буянхишиг тархи, цээж, гар, хөл гээд аминд аюултай маш олон хүнд гэмтэл авчээ.
Цагдаагийнхан энэ хэргийг нэлээд ул суурьтай шалгаж байгаа бөгөөд арлын дугаараар нь АТҮТ-ийн бүртгэлээс лавлагаа авахад 2007 оны арванхоёрдугаар сард үйлдвэрлэсэн, 2016 оны есдүгээр сард Монголд оруулж ирсэн хэмээсэн байна. Үүнээс үзэхэд автобусны насжилт нь 12 жилээс доошгүй байх Монгол Улсын стандартад нийцэж буй. Гэвч автобус дээрх арлын дугаар болон зургийг нь харсан учир мэдэх хүмүүс “Оныг нь зассан байж болзошгүй. Яагаад гэхээр 2008 оны загварын автобусуудын урд, хойд гэрэл нь өөрчлөгдсөн. Гэтэл тухайн осолдсон “Dae¬woo BS-106” загварын автобусны гэрлүүд нь л гэхэд 2007 оноос өмнөх байх магадлалтай харагдсан. Түүгээр ч зогсохгүй арлын дугаараар нь БНСУ-ын талаас нягтлуулахад “Ийм бүртгэлтэй автобус байхгүй” гэсэн хариу өгсөн гэсэн. Тэгэхээр оныг нь зассан байх магадлалтай” гэлээ.
Юутай ч шинжээчид “Цан резин солих явцад гэмтлийг техникийн ажилтнууд илрүүлэн шалгах боломжтой байтал ажил, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс автобус тоормосгүй болж, осол гаргах нөхцөл бүрджээ” хэмээн дүгнэсэн сурагтай. Мөн автобус тоормосгүй болоод байгааг жолоочоор дөрөөг нь гишгүүлж шалгах бус, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэлтэй байгааг нягталж үзэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл ч тогтоогдож буй гэнэ. Тиймээс “Тэнүүн огоо” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудыг яллагдагчаар тооцох, цаашлаад тус компанийн удирдлагыг нь шалгаж болзошгүй байгаа аж. Юутай ч жолооч эмэгтэй Э.Буянхишигт учирсан хохирлыг барагдуулах үүднээс “Тэнүүн огоо” ХХК-ийг уг хэрэгт иргэний хариуцагчаар татаад буй юм билээ. Цаашлаад хэргийг нарийвчлан шалгахын тулд БНСУ-аас тухайн автобусны үйлдвэрлэсэн он, техникийн тодорхойлолтыг ч гаргуулах хүсэлт хүргүүлэхээр болсон гэнэ. Ташрамд дурдахад, хууль сахиулагчдын явуулсан шалгалтын явцад “Тэнүүн огоо” компанийн нэг инженер нь хуурамч дипломтойг тогтоосон аж.