Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын дарга, ахлах ахлагч Г-ыг егүүтгэж, буу, 40 гаруй ширхэг сумтай оргосон хэрэг өнгөрсөн сарын 8-нд гарч, олныг хиртхийлгэсэн билээ. Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн, 19 настай О.Хатантэнгис, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас татагдсан Т.Мөнгөншагай нар уг хэргийг үйлдэн зугтаж, замдаа малчин М-ынхаас мотоцикл, хүнс дээрэмдсэн юм. Улмаар Аж богдын нурууны салбар Зөөлөн богд ууланд бүгж байгаад ар гэрийнхэнтэйгээ холбоо барьснаар ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй дөрөвдүгээр сарын 11- ний өглөө уулнаас буухад нь хууль сахиулах байгууллагынхан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.
ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ УТСААР ЯРИХДАА АМИА ХОРЛОХ САНАА ӨВӨРЛӨСӨН БАЙВ
Өдгөө тэднийг Эрүүгийн хуулийн 10.1-1 дэх хэсгийн хүнийг санаатай хөнөөсөн, 17.2-3.2-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эд хөрөнгө дээрэмдсэн”, 28.5-1-ийн “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон цагдан хорьж, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж буй юм. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн эх сурвалжаас дээрх хоёр цэргийн алба хаагч чухам юунаас болж хүний амь бүрэлгэх болов гэдгийг тодрууллаа.
Эх сурвалжуудын өгүүлснээр байлдагч О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нар харуулын дарга Г-ыг хөнөөгөөд байлдааны АКМ загварын хоёр буу, байлдааны 42, сургалтын 25 сум, талийгаачийн болон хамт цэргийн алба хааж байсан байлдагч Т-гийн гар утсыг нь авч зугтсан аж. Ууланд бүгсэнийхээ дараа байлдагч О.Хатантэнгис эгч, ах руугаа залгаж, “Би даргыгаа хөнөөгөөд ууланд нуугдаж байна, амиа хорлочих уу” гэсэн утгатай зүйл ярьсан гэнэ. Ах, эгч нар нь “Тэгж болохгүй, аав, ээж чинь өглөө очно, ямар нэг муу зүйл хийж болохгүй” хэмээн ятгаж ойлгуулсан бол Т.Мөнгөншагайгийн ээж нь “Хүүдээ хайртай, цагдаа нарын өөдөөс буудаж болохгүй. Буугаа хаяад цагдаа нар луу оч” гэж авч явсан утсууд руу нь залгаж хэлсэн. Мөн О.Хатантэнгисийн ээж, аав, эмээ өвөө нь Алтай сум руу очиж, утсаар ярилцаж ятгаж ойлгуулснаар хоёр байлдагчийг ямар нэг эрсдэлгүй саатуулсныг эх сурвалжууд мэдээллээ.
“ХҮН БУУДСАНАА САЙН САНАХГҮЙ, ХАРУУЛЫН БАЙРНЫ ГАДАА УС УУГААД ЗОГСОЖ БАЙСАН”
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар дарамт шахалт байснаас болсон хэмээн үзэх хүн олон. Хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт хугацаат цэргийн алба хаагчдыг дэглэсэн, биед нь халдсан тохиолдол нэг бус гарсныг тэнд алба хааж буй цэргүүд өгүүлсэн байна. Тухайлбал, заставын орлогч, дэслэгч Б.С, харуулын дарга, дэд ахлагч Д.Б, салааны дарга, ахлах ахлагч Б.А нар цэргүүдээ хориотой газар тамхи татсан, хоорондоо муудалцсан, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэлгүй тушаал зөрчсөн, заставын ажилчдын байрнаас эд зүйл алдагдсан, манаанд гарч байхдаа унтсан, цэргийн байранд гар утас хадгалсан, цэвэрлэгээ муу хийсэн гэх зэрэг шалтгаанаар 2020 оны арваннэгдүгээр сараас хойш энэ оны хоёрдугаар сарын хооронд нэг бус удаа гар хүрч, бас өөр аргаар “сургасан” байсан гэнэ. Харин талийгаач Г-ыг цэргүүдээ зодож байгаагүй хэмээн ярьжээ.
Харуулын даргаа хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан О.Хатантэнгис “Цэрэгт байнга зодуулж, дэглүүлдэг байсан. Ялангуяа заставын орлогч, дэслэгч Б.С, салааны дарга, ахлах ахлагч Б.А нар цэргүүдээ байнга зоддог. Дөрөвдүгээр сарын 7-8-нд харуулын дарга Г нь байлдагч Т.Мөнгөншагай бид хоёрыг бууны бөгсөөр цохиж унагасан. 8-нд харуулаас буугаад ирэхэд намайг бууны бөгсөөр цохисон юм. Гэтэл удалгүй байлдагч Т “Хүн үхчихлээ” гээд орилсон санагдаад байна. Би юу болсныг мэдэхгүй, буугаа бариад харуулын байрны гадаах савтай уснаас уугаад зогсож байсан. Уг нь оргоё гэж санаагүй, застав руугаа явахаар гарсан боловч төөрч ууланд хоносон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна” хэмээн мэдүүлсэн гэнэ.
Харин Т.Мөнгөншагай нь “Тэр өдөр О.Хатантэнгис бид хоёр хилийн манаанд явж байгаад би дурангаа унагаж хагалсан юм. Бас хоёр сумаар бай буудсан. Харуулын байрандаа ирэхэд талийгаач Г “Яасан удаан явдаг юм бэ. Унтаж байгаад ирэв үү гэж загнаад бууны бөгсөөр тус бүр нэг удаа цохисон. Харуулын байрны хойно намайг бие засаад зогсож байхад дөрвөн удаа буун дуу гарсан. Гүйгээд ирэхэд дарга уулын уруу өнхөрч, О.Хатантэнгис “Би хүн алчихлаа” гээд уйлаад зогсож байсан” хэмээн мэдүүлсэн аж.
Хоёр байлдагчийн ярьсныг нарийвчлан шалгаад хэн буруутайг нь шүүх тогтоох нь гарцаагүй. Цагдаагийнхан тэднийг саатуулсны дараа Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны эмч нар биед нь үзлэг хийхэд шинээр үүссэн гэмтэл, шарх байгаагүй гэнэ.
Цэргүүд “зодож дэглэсэн” хэмээн мэдүүлсэн дэслэгч, дэд ахлагч нар өнгөрсөн жил сургууль төгсөж, хилийн 0214 дүгээр ангид хуваарилагдсан алба хаагч юм байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа