Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, “Виктория” төвд үйл ажиллагаа явуулахаар 2020 оны нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн “Gold room” лоунжийн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэх нь. “Жи эм консалтинг” ХХК-ийн захирал Ш.Дулам хамаарал бүхий дээрх уушийн газрынхаа нээлтийг тэр өдөр зохион байгуулж, урьсан зочдынхоо дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уусан тохиолдлын тоогоор мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохион байгуулсан аж. Уг тэмцээнд оролцсон Ө гэх залуу олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг их хэмжээгээр, нэг дор богино хугацаанд хэрэглэснээс болж тэр даруйд амиа алдсан юм. Тэмцээний үеэр талийгаач орц найрлага нь өөр долоон төрлийн хоёр литр согтууруулах ундаа, 250 мл энергийн ундааг гурван минутийн хугацаанд уусан бөгөөд улмаар спиртийн агууламжийн хурц хордлогод орон амиа алдсаныг ШШҮХ-гийн шинжээчид тогтоожээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас “Gold room” лоунж, “Жи эм консалтинг” ХХК-ийн захирал Ш.Дуламд Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх хэргийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд хэлэлцээд, хохирогч өөрийн сайн дурын үндсэн дээр тэмцээнд оролцсон, шүүгдэгч Ш.Дулам гэм буруугүй гэж дүгнэн цагаатгажээ. Цагаатгах тогтоолыг эсэргүүцэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм.
Олон төрлийн согтууруулах ундаа хольж, нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай хор уршиг учруулдаг гэдгийг бүгд мэддэг. Гэвч болгоомжгүй, тоглоом наргиан болгосноос бусдын аминд эрсдэл учруулсан тохиолдол гарсан учраас иргэд цаашид сэрэмжлэх хэрэгтэйг дээрх явдал илэрхийлж байна.