Монгол Улсын Засгийн газрын 2012 оны VII тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалт, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын II хавсралтад багтсан хүрэн баавгайг Хөвсгөл аймгийн Ханх сумын нутгаас 2020 оны зургадугаар сард агнаж, арьс, дөрвөн сарвууг нь худалдсан иргэн Х.Юра, түүнээс 800 000 төгрөгөөр эд эрхтнийг нь авч, мөн оны наймдугаар сард хот хоорондын автобусаар Улаанбаатарт авчирч Богинын ам дахь гэртээ хадгалж байсан иргэн О.Түмэнхишиг нарт шүүхээс ял шийтгэлээ.
Ховор амьтныг дээрх сумын Далбаа гэх газраас агнаж, эрхтнийг нь гэртээ хадгалж, авах хүн нууцаар сураглаж байгаад худалдсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон юм байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Юра, О.Түмэнхишиг нарыг Эрүүгийн хуулийн 24.5-1 дэх хэсгийн “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэм буруутайд тооцож, тус бүрийг нь нэг жил хорих ял шийтгэсэн байна. Мөн Амьтны тухай хуулийн 37.2-т заасан “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэсний дагуу шармаахайн үнэлгээ болох 6.5 сая төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж тэднээс гаргуулахаар болж, ангийн винтов бууг нь хураасан аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр уг хэргийг хянаад экологид учруулсан 13 сая төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн учраас ялыг нь хөнгөрүүлж, тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгохоор болжээ.