ЗХЖШ-ын орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатарт холбогдох, бусдаас хахууль авсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон ч НПГ-ын хяналтын прокурор тогтоол гаргаж хэрэгсэхгүй болгожээ. Хурандаа Ц.Жавхланбаатар Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын үүдийг сахих болсон.
Түүнийг шалгуулахаар нэгэн ээж АТГ-т хандсан юм. Тодруулбал, “Ц.Жавхланбаатар нь миний хүү Б.Т-ыг энхийг сахиулах ажиллагаанд явуулна хэмээн 2018 оны гуравдугаар сарын 23-нд 3.5 сая төгрөг авсан боловч явуулж өгөөгүй тул энэ асуудлыг шалгаж, мөнгийг минь буцаан олгуулж, хохиролгүй болгож өгнө үү” гэсэн утгатай гомдол гаргасан юм билээ. Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид алба хааж байсан ахлагч цолтой дээрх залууг хурандаа Ц.Жавхланбаатар Афганистан руу ч, Өмнөд Суданд ч явуулаагүй учраас ар гэрийнхэн нь ийнхүү хандсан байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн иргэн Б.Туулын хамт яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад хоёр удаа хүргүүлж, улмаар 2019 оны аравдугаар сард эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх санал гарган прокурорын хяналтад өгсөн аж. Гэвч прокурор хэрэгсэхгүй болгосон бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын зарим алба хаагч “Хэн нэгний үүрэг, даалгавраар хээл хахуулийн улайм цайм хэргийг хэрэгсэхгүй болгосон байх” хэмээн хардсаар байгаа юм.
Хурандаа Ц.Жавхланбаатарын хувьд хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан тохиолдол ганц энэ биш гэдгийг дээр дурдсан. Түүнийг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заасан бусдаас их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн хэрэгт шалгасан. Мөн л энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө хэмээн 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг нь татаж хянахаар шилжүүлж аваад хэрэгсэхгүй болгосон гэдэг.
Өдгөө ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж буй түүнд генерал цол олгохоор болсон гэх яриа батлан хамгаалах салбарынхны дунд байна. Хоёр ч удаа эрүүгийн хэрэгт холбогдсон хүнд цэргийн дээд цол олгохоор болж байгаад салбарынхан нь ихэд дургүйцэж буй юм.