ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтнууд байсхийгээд л албан тушаалаа урвуулах, хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогддог. АТГ-ынхан тухайн албан тушаалтнуудыг нь шалгаад шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэрэг ч цөөнгүй. Хамгийн сүүлд л гэхэд АТҮТ-ийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байсан О.Адъяасүрэн, “Есөн шижир” ББСБ-ын хувьцаа эзэмшигч Б.Наранчимэг, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Азжаргал болон уг банк бус санхүүгийн байгууллагад холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр болоод байгаа. О.Адъяасүрэн нар дээрх ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 автомашиныг есөн сая гаруй төгрөгийн торгуулиас нь бултуулахын тулд “Есөн шижир”-ийн удирдах албан тушаалтнаас 2.1 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Улмаар уг автомашинуудын дугаарыг улсын бүртгэлээс хасаж, өөрийг олгосон үйлдэлд гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор болоод байгаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам хүргэн Б.Габитаараа дамжуулан 2020 оны гуравдугаар сарын 31-нд 100 000 ам.доллар авсан хэрэгт яллагдагчаар татагдсан ч тэдэнд холбогдох хэргийг НПГ-аас хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаад буй билээ. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн сонгуульд нэр дэвшихээсээ өмнө Г.Доржпаламд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд дээрх хахуулийг өгсөн байдаг.
Хамгийн сүүлд АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулж, уугуул нутаг Увс аймагтаа хүнд даацын ачааны олон автомашин оношилгоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа аж.