Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан тухай УОК-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны 04 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээр хатуу хөл хорио үргэлжилж буй энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, далд буй хүчирхийллийг илрүүлэх чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс иргэд, олон нийт, төрийн холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан энэхүү уриалгыг гаргаж байна.
Хөл хорио тогтоосон, зорчих эрхийг хязгаарласан арга хэмжээний үед гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хүчирхийлэл үйлдэгчтэйгээ нэг орчинд тусгаарлалтад ордог учраас тэдний хатуу хяналт, эрхшээлд орж хохирох явдал нэмэгддэг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар, хүчирхийллийн улмаас амиа алдсан хүний тоо 2.2 дахин өссөн байна. Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, далд байгаа хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд бид бүгдээрээ сонор сэрэмжтэй байж, сайн хөршийн үүргээ биелүүлэн, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, хуульд заасан иргэний журамт үүргээ чанд сахин биелүүлэхийг Хүний эрхийн үндэсний комисс уриалж байна.
Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төрийн байгууллага, хамтарсан баг хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн хяналтаа сайжруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг түгээх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн контентуудыг өргөн хүрээнд бэлтгэн хүргэх талаар санаачлага гарган ажиллахыг уриалж байна.