Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын I багийн нутаг дахь “Геологи” хорооллын гудамжинд өндөр хүчдэлийн шугамын тулгуур багана уржигдар шатжээ. Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 6000 В-ын тулгуур баганад хүчтэй салхи шуурганы улмаас гал гарсныг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид унтраасан аж. Түүнийг нь засварлахын тулд өчигдөр тодорхой хугацаанд зарим сумын цахилгааныг хязгаарласан байна.
Мөн Говьсүмбэр аймгийн нутаг дахь “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ачих, буулгах хэсгийн дамжуулах шугамд өчигдөр 03.25 цагт гал гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход есөн метр өндөр, 5х8 метр хэмжээтэй нүүрс ачих, буулгах байгууламж шатаж байсан гэнэ. Гал сөнөөгчид шуурхай ажиллаж унтраасан аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа